Малайз улс гамшгийн эсрэг ШУ, инновацийн Зөвлөл байгуулсан туршлагаа хуваалцлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2018-07-04 12:18:44
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улсад анх удаагаа чуулж буй Гамшгийн эрсдлийг бууруулах Азийн Сайд нарын Бага хурлын үйл ажиллагаа өнөөдөр “Сайд нарын мэдэгдэл” уулзалт болон салбар хуралдаануудаар “Шангри-Ла” зочид буудалд 2 дахь өдрөө үргэлжилж байна.  

Уулзалтыг Монголын Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын Гамшгийн эрсдэлийг бууруулах асуудал хариуцсан тусгай төлөөлөгч, НҮБ-ын Гамшгийн эрсдэлийг бууруулах байгууллагын тэргүүн  хатагтай Мами Мизутори нар удирдан явуулж хуралд оролцож буй Азийн орнуудын Шадар сайд нар гамшгийн эрсдлийг бууруулах бүс нутгийн хамтын ажиллагааны “Сендайн үйл ажиллагааны хүрээ” барим бичигт тусгасан зорилтыг хэрэгжүүлж буй үйл ажиллагаа, өөр өөрийн улсын арга туршлагаа танилцуулсан юм.
Гамшиг хэнийг ялгадаггүй, бэлтгэл муу бол хэн ч хохирдог

Самоа улсын Шадар сайд хатагтай Фиаме Наоми Мата Афа, арлын улс орнуудад үер усны гамшиг, газар хөдлөлт, хар салхи гээд байгалийн аюултай үзэгдлүүд их гарч тус бүс нутгийн улс орнууд ихээхэн нэрвэгддэг учир гамшигт зовлонд бэлэн байх чадавхийг нэмэгдүүлэх шаардлага байнга гарсаар байна. Өнгөрсөн хугацаанд манай улс гамшгийн улмаас 289 сая ам.долларын хохирол амсаж хүн амын 25 хувь нэрвэгдээд байна. Нийгмийн аюулгүй байдлыг ханган хохирлыг арилгахад жил бүр 20 сая ам.доллар гарган зарцуулдаг боловч эхний хохирлоо арилгаж, гамшгийн эсрэг нийгмийн чанартай дэд бүтцийн ажлаа хийж  амжаагүй байхад дараагийн гамшиг учирч байдаг эмзэг бүс нутаг юм. Гамшиг хэнийг ялгадаггүй, бэлтгэл муу бол хэн ч хохирдог учир урьдчилсан бэлтгэл ажлыг сайн хангаж, бэлэн байдалд байх нь чухал бөгөөд ингэж байж бид хохирлыг бага гарзаар даван туулна. Нөхцөл байдалд дүгнэлт хийж манай улс “Самоа-гийн зам” гэсэн хөтөлбөр гаргаж ажиллаж байна. Манай улс гамшгийн эсрэг ажиллах, авч хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргахдаа Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдуулан нийгмийн олон талын оролцоог хангахыг чухалчилж байна. 2020 он хүртэл авах арга хэмжээний хүрээнд Самоа улс гамшгийн байдалд мониторинг дүн шинжилгээ, үнэлгээ хийдэг механизмыг бүрдүүлэн ажиллаж байна гэв.

Гамшгийн эсрэг Шинжлэх ухаан, инновацийн Зөвлөл байгуулан ажиллаж байна

Малайз улсын Шадар сайд хатагтай, доктор Дато Се Азаза Ван Исмайл, манай улсад хүчтэй хар салхи, хөрсний эвдрэл нуралт их гарч гамшгийн давтамж ойр болсон нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой байна. Саббах мужид 5.9 баллын газар хөдөлж, ууланд 18 уулчин амь насаа алдсан нь бидэнд гашуун сургамж болоод байна. Энэ бүх гамшигт зовлонгийн учир шалтгааныг цогцоор авч үзэн шийдэхээс аргагүй болж, энэ үүднээс манай улс баримт, мэдээлэл судалгаан дээр түшиглэн гамшгийн эсрэг ажиллах Шинжлэх ухаан, инновацийн Зөвлөл байгуулж, дэд бүтцийн стандартуудыг мөрдөхөөс үйл ажиллагаагаа эхэлж, эхний ээлжинд газар хөдлөлтөд тэсвэртэй байх шаардлагаар барилгуудад шалгалт явуулж байна. Нийтийн олон талын оролцоог хангах зорилготой дээрх ШУ, инновацийн Зөвлөлийн салбар нэгжийг орон нутаг бүрт байгуулан ажиллаж байна. Хотжилт ихтэй манай улсад суурин газруудыг гамшгийн тохиолдолд хохирол багатай гарах эрсдлийг хэмжиж үнэлэх ажлыг эхлүүлээд байна. Мөн тайлагналын тогтолцоог бүрдүүлж Мэдээллийн сан байгуулан ажиллаж байна гэв.
 
Эрчимжсэн МАА-д шилжихээс өөр арга зам үгүй болж байна


Бага хуралд оролцож буй Дорноговь аймгийн Засаг дарга Т.Энхтүвшинтэй уулзаж хурлын талаар байр суурийг сонсвол, “Азийн олон улсын хурал цаг үеэ олсон, ган зудад нэрвэгддэг манай улсын хувьд гамшгийг хэрхэн давах, бэлэн байх туршлага чухал. Говьд сүүлийн жилүүдэд их халдаг болсон нь уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гарч буй нөлөөлөл бөгөөд өнөөдрийн хурал дээр бидний дуулсан нэг зүйл бол дэлхийн хэмжээнд говь цөлд ургах чадвартай ургамлуудыг нутагшуулж буй явдал боллоо. Үүнийг манай улсын говийн бүсэд ургуулах хэрэгтэй. Ингэхийн тулд биологийн мэргэжилтнүүд эхлээд туршилт судалгаа явуулах зэргээр бидэнд хамтарч хийх ажил олон байна. Дүгнэлт хийхэд манай улсад одоо малыг хяналтандаа авч эрчимжсэн МАА-д шилжихээс өөр арга зам үгүй болж байна. Малын гоц халдварт өвчний давтамж ихэссэний учир шалтгааныг судлан гаргаж хариу арга хэмжээ авах зэрэг тулгамдсан асуудал Монголд байна. Хүүхэд багачуулыг гамшгийн эсрэг бэлэн байдалд багаас нь ЕБС-иудад зааж сургаж ойлгуулахын зэрэгцээ байгаль орчноо хайрлан хамгаалах ажлыг хамт хийх нь чухал гэсэн санаа оноог сонслоо” гэв.

Сайд нарын мэдэгдлийн уулзалтыг дүгнэж Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин хэлэхдээ, “Сендайн үйл ажиллагааны хүрээ” баримт бичгийн бүс нутгийн хэрэгжилтээс харахад улс орнууд уг баримт бичгийг хэрэгжүүлэх арга замаа тодорхой болгосон, хууль эрх зүйн орчноо боловсронгуй болгох, олон нийтийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, эрсдэлийн мэдрэмжтэй хот төлөвлөлт, дэд бүтцийн бүтээн байгуулалтыг бий болгох, төр, хувийн хэвшлийн түншлэл, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах  зэрэг олон арга хэмжээг амжилттай хэрэгжүүлж байна. Гэхдээ орон нутгийн түвшинд уг баримт бичгийн ойлголтын зөрүүтэй байдал, гамшгийн эрсдэлийг бууруулах засаглалын болон хөрөнгө санхүүгийн хүрэлцээгүй байдал, мэдээллийн болон түүнийг боловсруулах аргачлал  хязгаарлагдмал байдал зэрэг сорилтуудтай тулгарч байгааг” онцоллоо.
Сайд нарын мэдэгдлийн уулзалтанд өнөөдөр гамшгийн удирдлагыг эрхэлсэн сайд нар, гишүүн улс орны бага хурлын төлөөлөгчдийн тэргүүн, НҮБ-ын Ерөнхий Ассемблейн ажиглагчийн статустай бусад байгууллагын ахлах түвшний төлөөлөгчид оролцлоо. Сайд нарын хуралдаанаас гарсан гамшгийн эрсдэлийг бууруулах чиглэлээр бүс нутгийн болон дэлхийн ард иргэдийн аюулгүй, амар тайван орших нөхцлийг бүрдүүлэх, улс орнуудын тогтвортой хөгжлийг хангах чиглэлээрх санал санаачилгыг Азийн сайд нарын Бага хурлаас гарах 2018-2020 онд Азийн бүс нутагт хэрэгжүүлэх төлөвлөгөө, “Улаанбаатарын тунхаглал”, Оролцогч талуудын сайн дурын мэдэгдэл баримт бичгүүдэд тусгах юм.
Б.Болд
Холбоотой мэдээ