Японы аялагч Австралийн "Улуру" ууланд авирах үеэрээ амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2018-07-04 11:01:55
СИДНЕЙ. /Киодо/. Австралийн шүтлэгтэй, өвөрмөц тогтоц бүхий Улуру ууланд Японы 76 настай аялагч авирах үеэрээ амиа алдсан тухай тус улсын цагдаагийн газраас мэдээлснийг “Киодо” агентлаг уламжлав.

Өндөр настай уг аялагчийг нисдэг тэргээр хамгийн ойрын эмнэлэгт хүргэсэн боловч амийг нь аварч чадаагүй ажээ. ЮНЕСКО-гийн Дэлхийн байгалийн өвөрмөц тогтоцын өв санд бүртгэгдсэн уг ууланд 1950 оноос хойш нийт 37 хүн авирах явцдаа харамсалтайгаар амиа алдаад байгаа юм байна. Улуру уул нь нутгийн уугуул иргэдийн хувьд ариун дагшин газар ажээ.

1992 оноос хойш авирахын өмнө сайн тунгаан бодохыг анхааруулсан тэмдэгүүдийг уулын эргэн тойронд байрлуулсаар ирсэн хэдий ч аялагчид үүнийг үл ойшоон авирахаар шийддэг аж.

2006 онд Австралийн Үндэсний их сургуулиас явуулсан судалгаагаар Японы аялагчид Улуру ууланд авирах сонирхол их байдаг нь тогтоогдсон бөгөөд тэдний 83 хувь нь уг уулыг сонгон авирдаг гэнэ. Ирэх оны аравдугаар сараас Улуру ууланд авирахыг бүрмөсөн хориглохоор төлөвлөж байгаа юм байна.
 
Э.Хулан

 

Холбоотой мэдээ