Японы эрх баригчдыг бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байхыг анхааруулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-27 12:07:54
ТОКИО. /ТАСС/. Умард Солонгосыг цөмийн зэвсгээс бүрэн татгалзахыг шаардсанаараа Япон улс бусдын хэрэгт хөндлөнгөөс оролцож байна гэж Умард Солонгосын төлөөлөгч Женев хотод болсон зэвсэг хураах асуудлаархи олон улсын бага хурлын үеэр мэдэгджээ.

“Эн-Эйч-Кэй” телевизийн мэдээлснээр, АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун нарын энэ сарын 12-нд болсон өндөр дээд хэмжээний уулзалтын үр дүнг хэлэлцэх үеэр Япон улс АНУ болон Өмнөд Солонгостой хамтран Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахаа амалсан хамтарсан мэдэгдлээ хэрэгжүүлэхийг Умард Солонгосоос шаардах болно гэж мэдэгдсэн байна.

Үүний хариуд Умард Солонгосын төлөөлөгч “Япон улс Панмүнжомын тунхаглалд ч, Умард Солонгос болон АНУ-ын хамтарсан мэдэгдэлд ч гарын үсэг зураагүй байж өөрт хамааралгүй хэрэгт хөндлөнгөөс оролцож байна” хэмээн тус улсыг шүүмжилжээ.
 
АНУ болон Умард Солонгосын удирдагчид энэ сарын 12-нд Сингапурт уулзсан билээ. Уулзалтын дүнд талууд хамтарсан мэдэгдэлд гарын үсэг зурсан юм. Цөмийн зэвсгээсээ татгалзсаных нь хариуд БНАСАУ-д аюулгүй байдлын баталгаа олгоно гэсэн амлалтыг Ерөнхийлөгч Д.Трамп өгсөн.
 
Умард Солонгосын цөмийн хөтөлбөрийг хумих үйл явцыг эхлүүлэхийн тулд Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчдийн төлөөлөгчдийг Умард Солонгос руу илгээх зардлыг манай Засгийн газар даахад бэлэн байна гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ өмнө нь мэдэгдэж байсан юм. Түүнчлэн “Киодо” агентлагийн мэдээлснээр, Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад дэмжлэг үзүүлэх үүднээс мэргэжилтнүүдээ Умард Солонгос руу илгээхэд бэлэн байгаагаа Японы Засгийн газар АНУ-д мэдэгдэж байжээ.
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ