Биосан программд он гарсаар 32 зүйлийн 1366 бодгаль бүртгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-06-21 17:58:24

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн төрийн байгууллагууд хагас жилийн ажлын тайлангаа нэгтгэж дүгнэж иргэдэд зориулан мэдээлэл өгч байгаа бөгөөд энэ үеэр Завхан аймгийн Отгонтэнгэрийн Улсын тусгай хамгаалалтын захиргааны судалгаа, шинжилгээ, мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Х.Цэгмидзаяатай уулзаж амьтдын судалгааны талаарх мэдээллийг тодрууллаа.
-Отгонтэнгэрийн УТХГ-нь оны эхний хагас жилийн байдлаар судалгаа шинжилгээний ажлууд хэр зэрэг хийв?
-Манай байгууллага байгаль, түүх, соёлын баялаг өвд түшиглэсэн аялал жуулчлалын бүс нутаг байж, ард иргэд нь байгальтайгаа харилцан шүтэлцэж, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэх алсын хараа, зорилготой. Энэ жил бид хамгаалалтын захиргааны менежментийн чадавхийг сайжруулах, байгалийн нөөцийн хамгаалалын менежментийг хэрэгжүүлэх, хариуцлагатай аялал жуулчлалыг хөгжүүлэх, сургалт сурталчилгааны ажлыг боловсронгүй болгон хөгжүүлэх зорилготой ажиллаж байна. Отгонтэнгэрийн УТХГ нь Отгонтэнгэрийн ДЦГ-ын 95510  га, Тарвагатайн нурууны БЦГ-ын  203,000 га ( Идэр,Алдархаан сум), Улаагчны хар нуурын БЦГ-ын  253,800 га гээд нийт 552,310 га газар нутгийг хариуцан ажилладаг. 2018 оны эхний хагас жилийн байдлаар ойн туруутны судалгаа, шувуудын судалгаа, махчин амьтдын судалгаа, тарваганы судалгаануудыг хийж 78 удаагийн ажиглалт судалгаа хийсэн байна. Тухайлбал ойн туруутны судалгааг Тарвагатайн нурууны БЦГ, Отгонтэнгэрийн ДЦГ-уудад замналын судалгааны аргазүй болон цэгэн тооллогын аргазүйгээр 18 удаа,  шувууны 31 удаагийн судалгаа, Тарваганы  20 удаагийн судалгааг тус тус хийсэн байна.
-Судалгааны дүнг дэлгэрэнгүй мэдээлбэл? Ер нь энэ судалгаагаар байршил амьдрах орчныг нь давхар судалдаг уу?

-Судалгаагаар хөхтөн амьтан 11 зүйлийн 352 бодгаль, жигүүртэн 20 зүйлийн 1014 бодгаль тэмдэглэгдсэн байна. Судалгааны үр дүнд Биосан программд нийт 32 зүйлийн 1366 бодгаль бүртгэгдсэн байгаа. Тухайлбал бүртгэгдсэн хөхтөн амьтдаас баданга хүдэр нэг, бараан хэрэм нэг, бор гөрөөс 24, зэрлэг гахай хоёр, халиун буга 127 бүртгэгдсэнээс 42 нь эр, 65 нь эм, дөрвөн тооны төл бүртгэгджээ. Харин хамгийн олон нь монгол тарвага 192 бүртгэгдсэн байх жишээтэй. Мөн халиун бугын судалгааг шугаман замналын арга зүйг ашиглан судалгааг хийснээс давхардсан тоогоор 127 бүртгэгдсэн. Түүнчлэн хагас жилийн байдлаар дайр 42, согоо 65 бодгаль тус тус бүртгэгдсэн байна. Мэдээж бид судалгааны явцад амьтдын тоо толгойг бүртгэхээс гадна амьдрах орчны сонголтын судалгаа хийж байдаг. Жишээлбэл амьдрах орчны сонголтын хувьд халиун буга нь шилмүүст ойтой уулын ар хажуугийн дунд хэсгийг илүү сонгон идээшлэн байршдаг.  Мөн гуу жалга бүхий гүвээ толгодтой шинэсэн ойн зах хэсгээр өглөө оройн цагаар бэлчээрлэх ба ойн цоорхой, нарийн гол горхитой, хөвдөн бүрхэвч сайтай газруудаар төлтэй согоо илүү байршдаг байгаа. Халиун бугын эвэрний судалгааг мөн энэ үеэр хийсэн. Нийт 200 гаруй хос эвэр олдсон байгаа. Үүнээс үзэхэд халиун бугын тоо өссөнийг харуулж байгаа юм. Түүнчлэн бор гөрөөс хагас жилийн байдлаар Тарвагатайн нурууны Ямаат  болон Идэрийн эх орчмын нутгаар 24 бодгаль бүртгэгдсэн байна.
-Ер нь амьтдын судалгаагаар устаж болзошгүй амьтдын талаарх мэдээллийг олж авдаг байх. Жишээлбэл баданга хүдэр гэдэг хөхтөн амьтан энэ бүс нутагт тархсан байдал нь ямар байдаг юм бол?
-Тэгэлгүй яахав. Амьтдын судалгааг маш олон арга зүйгээр төрөлжүүлэн судалдаг байгаа. Тухайлбал баданга хүдрийн латин нэр нь MOSCHUS MOSCHIFERUS LINNAEUS, англи нэр нь Siberianmusk deer гэж нэрлэдэг. Энэ хөхтөн амьтны хамаарагддаг баг нь туруутан буюу Artiodactyla, овог нь бугынхан буюу Cervidae (Moschidae) юм. Монгол Уулсын амьтны аймгийн тухай хуулиар нэн ховор зүйлийн амьтан юм. ДБХХ-ны Улаан дансны ангилалын шалгуураар олон улсын хэмжээнд “Эмзэг”, бүс нутгийн хэмжээнд “Устаж болзошгүй” хэмээн үнэлэгдсэн амьтан байгаа юм. Тусгай хамгаалалттай газар нутаг дахь тархалт нь Тарвагатайн нурууны БЦГ-ын хоёр цэгт цөөн тоогоор тэмдэглэгддэг байсан ба 2018 оны хагас жилийн байдлаар шинээр Майхан уул хэмээх газар тэмдэглэгдсэн байна. Цаашид энэ амьтны судалгааг автомат камер ашиглан хийж баримтжуулахаар төлөвлөн ажиллаж байгаа. Мөн  нарийвчилсан илрүүлэх судалгааг хийх шаардлагатай байгаа юм. 

-Отгонтэнгэрийн УТХГ нутагт монгол тарвага элбэг байдаг. Энэ амьтныг агнахыг хуулиар хориглосон байдаг. Тоо толгой нь өсч байгаа юу?

-Мэдээж улсын тусгай хамгаалалтын газар нутагт ан хийхийг хориглодог. Энэ хагас жилийн байдлаар тарваганы судалгааг 20 удаагийн ажиглалтаар 226 бодгаль гэж бүртгэсэн байна. Ер нь энэ бүс нутагт илүү тооны тарвага бүртгэгддэг юм. Судалгааны явцад нийт 226 ул мөр олдсоноос бие гүйцсэн тарвага 123, хотил 73, тодорхойгүй 29 тарвага бүртгэгдсэн байгаа. Тарваганы тархалтын амьдрах орчны сонголт бол өвслөг ургамалтай, хайргархуу хөрс зонхилсон бүтэцтэй, уулын дунд болон бэлийг сонгон амьдардаг. Нийт тарваганы тархалт бүхий газраар хүний хүчин зүйл бага байна.
-Хагас жилийн байдлаар жигүүртэн хэчнээн бүртгэгдсэн бэ?
-Энэ хагас жилийн байдлаар жигүүртнээс 20 зүйлийн 1014 бодгаль тэмдэглэгдсэн байна. Тухайлбал гангар хун,  хар өрөвтөс, зэрэг хамгааллын зэрэг өндөртэй шувууд бүртгэгдсэн байна. Цаашид шувуудын зүйлийг илрүүлэх судалгааг нарийвчлалтай хийх төлөвлөгөөтэй байгаа. Бүжимч чогчиго гэхэд тав, зэрлэг нугас 46, тураг гогой 804 тооны буюу хамгийн олон бүртгэгдсэн байна. Харин усны шувуудын хувьд Отгонтэнгэрийн ДЦГ-ын Хөх нуур, Цагаан нуур, Нарт нуурт дөрвөн зүйлийн 60 гаруй  бодгаль, Улаагчины хар нуурт найман зүйлийн 900 гаруй  бодгаль, Тарвагатайн нурууны БЦГ-ын томоохон гол нууруудаар дөрвөн зүйлийн 50 гаруй  бодгаль бүртгэгдсэн байна.
-Судалгаа, мэдээллийг санд бүртгэдэг гэлээ. Мэдээллийн санд нийт хэчнээн төрлийн мэдээллийг оруулсан байгаа вэ?
-Тусгай хамгаалалттай газар нутгийн сан гэж байдаг. Энэ мэдээллийн санд өнөөдрийн байдлаар нийт 16 төрлийн 413 мэдээллийг оруулсан байгаа. ArcGIS программд байгаль хамгаалагчдын хариуцсан талбай, ан амьтдын тархалтын мэдээлэл, судалгааны дээж талбай сонгосон зураглалыг тус тус төвлөрүүлж өөрийн Хамгаалалтын захиргааны үндсэн мэдээллийг оруулж байгаа. Тухайлбал энэ мэдээллийн санд ТХГН-ийн байгалийн болон түүх соёлын дурсгалт газрууд, ургамлын мэдээлэл, амьтны мэдээлэл, сэдэвчилсэн зураг, аялал жуулчлалын мэдээлэл, аяллын зам чиглэл, газар ашиглалтын мэдээлэл гэхчлэн мэдээллийг оруулсан. Мөн Биосан програмд мэдээллүүдийг оруулж байна.
-Биосан програмд яг ямар чиглэлийн мэдээллийг оруулдаг юм бол?
-Биосан программ нь амьтдын бүхий л мэдээллийн агуулдаг. Уулын туруутан, ойн туруутан, тарваганы ажиглалт судалгаа зэрэг мэдээллийг замналын судалгааны аргазүйг ашиглан 78 удаагийн ажиглалтаар 32 зүйлийн 1366 бодгаль, тарваганы судалгаагаар 20 удаагийн  ажиглалтаар 226 бодгалийг энэ хагас жилд шинээр бүртгэн оруулсан байна. 
-Танай байгууллагаас байгалийн нөөцийн хамгааллын чиглэлээр ажлуудыг хийдэг. Биотехникийн арга хэмжээг хэр зэрэг хийв?

-Мэдээж тухайн жилийн цаг агаарын байдлаас шалтгаалан биотехникийн арга хэмжээг хэдэн удаа хийх нь гээд янз бүр байдаг. Тухайлбал халиун буга сүүлийн долоон жилийн судалгаагаар жилд дунджаар 56 бодгалиар өссөн байгаа бөгөөд 2018 оны хагас жилийн байдлын эвэрний судалгаагаар  нийт 200 гаруй хос эвэр олдсон нь халиун буганы тоо толгой өссөнийг харуулж байна. Энэ хагас жилийн байдлаар хамгаалалтын захиргаа нийт дөрвөн цэгт  нэг тн хужир 20 боодол өвс ан амьтдад зориулж тавьж био техникийн арга хэмжээ хэрэгжүүлсэн байна. 2017 оны судалгаанаас үзэхэд халиун буга, бор гөрөөс, янгир ямаа, аргаль хонь чандага туулай зэрэг 10 тооны амьтан Тарвагатайн нурууны БЦГ, Отгонтэнгэрийн ДЦГ нутгуудад байгалийн жамаараа болон чононд идүүлсэн байдалтай эвэр, толгой гэхчлэн сэг олдсон байсан. Тэгэхээр ан амьтдын хорогдлын мэдээнээс харахад гол шалтгаан нь махчин амьтад бөгөөд бусад хүний үйл ажиллагаатай холбоотой аюул, дарамт харьцангуй бага байгаа нь харагдаж байна.
иотехникийн арга хэмжээг ямар ямар газруудад явуулсан бэ ?
-Тухайлбал Тарвагатайн нурууны БЦГ-ын Алдархаан сумын Улаанхаалга хэсгийн Цагаан нүүрт Ойн туруутан амьтдад зориулж 300 кг хужир, өвс 20 боодлыг тавьж биотехникийн арга хэмжээг хэрэгжүүлсэн байгаа. Энэхүү биотехникийн арга хэмжээнд хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр, мэргэжилтэн Б.Энхээ, байгаль хамгаалагч Ч.Дашдэмбэрэл, Н.Алтангэрэл жолооч Б.УУганболд, Завхан аймгийн БОАЖГ-ын дарга мэргэжилтэн, байгаль хамгаалагч, жолооч нарын бүрэлдэхүүнтэй ажилласан. Энэ үеэр 2018 оны 02 дугаар сарын 28-наас 03 дугаар сарын 02-ны хугацаанд Хамгаалалтын захиргааны дарга Д.Батдэлгэр, судалгаа шинжилгээ мэдээллийн сан хариуцсан мэргэжилтэн Х.Цэгмидзаяа, байгалийн нөөцийн хамгаалал хариуцсан мэргэжилтэн Б.Энхээ, байгаль хамгаалагч Н.Алтангэрэл, Б.Ренчиндорж, жолооч Б.Ууганболд, ХНЗГСГ-ын захиргааны мэргэжилтэн У.Сарантуяа нарын бүрэлдэхүүнтэй Улаагчны Хар нуурын БЦГ-ын Хар нуур чиглэлд ажиллаа. Дээрх ажилласан хугацаанд Хар нуур орчмын газар нутаг цас ихтэй байсан. Бургастайн эхэд буга согоо нийлсэн зургаан бодгаль тоологдсон. Энэ үеэр туруутан амьтдад зориулж 250 кг хужирыг Шар хөтөлийн орой гэх газар д.т.д 2460 метрт тавьж био техникийн арга хэмжээг явуулсан байгаа. Мөн өнгөрсөн гуравдугаар сард хамгаалалтын захиргаанаас ажлын хэсэг гарч Отгонтэнгэрийн ДЦГ-ын Богдын гол, Рашаан голын чиглэлд ажилласан. Энэ үеэр туруутан амьтдад зориулан биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлдэг тогтсон цэг болох Гангын ар хэмээх газар 200 кг хужир, Нарт нуурт 200 кг хужир тус тус  тавьсан байгаа.

Б.Мягмарсүрэн

 


 
Холбоотой мэдээ