Энхийг сахиулагчид Суданы иргэдэд сургалт явуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2015-12-04 15:44:52

ХДХВ/ДОХ-ын эсрэг олон улсын өдрийг тохиолдуулан манай энхийг сахиулагч эмч нар Судан улсын иргэдэд энэ талын өвчлөлөөс урьдчилан сэргийлэх тухай сургалт хичээл явуулсан байна.

Бүгд Найрамдах Судан улсын Дарфур мужид НҮБ, Африкийн холбооны хамтарсан “UNAMID” ажиллагаанд Монгол Улсын цэргийн хээрийн II шатны эмнэлгийн VII ээлжийн цэргийн багийн бүрэлдэхүүн үүрэг гүйцэтгэж байгаа. Тэд Кабкабияа суурин болон Кабкабияа баазын хэмжээнд ХДХВ өвчний түүх, халдварын тархалт, халдвар дамжих зам, өвчлөлөөс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар видео хичээл, үзүүлэн таниулах материал, гарын авлага бэлтгэн, сургалт явуулсан байна.

Өдөрлөгт Рванда, Жордан Улсын цэргийн багийн удирдлагууд, цэргийн багийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон цэргийн алба хаагчид, НҮБ-ын цэргийн ажиглагч, цагдаа, орон нутгийн гэрээт ажилтан, орон нутгийн иргэд оролцжээ. Энэ үеэр тус улсын орон нутгийнх иргэд ч дурын шинжилгээнд хамрагдсан аж.

Тус Цэргийн багийн захирагчаар дэд хурандаа Г.Тунгаамаа ажиллаж байна. Монгол Улс энхийг дэмжих ажиллагаанд оролцсноос хойш анх удаа эмэгтэй цэргийн алба хаагч цэргийн багийн захирагчаар ажиллаж байгаа юм.

Н.Туяа

Холбоотой мэдээ