НҮБ-ын Ерөнхий Ассамблейн хүрээнд олон талт уулзалт зохион байгуулах төлөвтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-06-20 15:09:08
ТОКИО. /ТАСС/. Японы Засгийн газар Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлуудыг хэлэлцэхээр АНУ, Өмнөд Солонгос болон өөр хэд хэдэн орныг оролцуулсан олон талт уулзалт зохион байгуулах төлөвтэй байна. Энэ тухай “Киодо” агентлаг мэдээлэв.
 
Уулзалтад Японы тал мөн Хятад, Орос болон Европын Холбооны төлөөлөгчдийг урих бодолтой байгаа аж. Энэ уулзалтаар юуны түрүүнд Умард Солонгосыг цөмийн зэвсгээс ангижруулах санхүүжилтийн асуудлыг эрхэлсэн олон улсын тусгай бүтэц байгуулахыг бусад улс оронд албан ёсоор санал болгоно гэж Японы Ерөнхий сайд Шинзо Абэ үзэж байгаа аж. Түүнчлэн Японы эрх баригчдын үзэж байгаагаар, санал болгосон энэхүү механизмынхаа хүрээнд цуглуулсан хөрөнгө мөнгийг үнэхээр цөмийн зэвсгээс ангижруулах үйл явцад зарцуулна гэсэн баталгааг олж авах нь маш чухал аж. Энэ нь уг хөрөнгө мөнгийг Умард Солонгосын эрх баригчид хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн ашиглах вий гэж болгоомжилж буйтай нь холбоотой юм. 

Японы эрх баригчид Умард Солонгосын удирдагч Ким Жөн Ун болон Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын уулзалтыг Нью-Йоркт зохион байгуулах боломжийг үгүйсгэхгүй байна.
 
Э.Аянзаяа 
Холбоотой мэдээ