Ч.Бат-Эрдэнэ: Удирдах ажилтнуудын хууль, эрх зүйн мэдлэг болон манлайлах ур чадварыг дээшлүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2018-06-18 23:50:42
Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газраас энэ сарын 21,22-ны өдөр “Сахилга хариуцлагатай төрийн алба-2018” аймгийн удирдах ажилтны сургалт, зөвлөлгөөн зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбоотойгоор тус зөвлөлгөөний зорилго, ач холбогдлын талаарх ерөнхий мэдээллийг тус аймгийн ЗДТГ-ын дарга, Төрийн албаны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн дарга Ч.Бат-Эрдэнээс тодрууллаа. Мөн Говь-Алтай аймгийн төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмж, Төрийн албаны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлөөс хийж хэрэгжүүлж буй ажлын тухай онцлон ярилцав.
 
-Сайн байна уу, танд энэ өдрийн мэнд хүргэе. Говь-Алтай аймгийн төрийн байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөнийг анх удаа зохион байгуулах гэж байна. Орон нутагт анх удаа зохион байгуулж буй энэхүү зөвлөлгөөний зорилго нь юу вэ?
 
-“Сахилга хариуцлагатай төрийн алба-2018” аймгийн удирдах ажилтны сургалт, зөвлөлгөөнийг 2018 оны зургаадугаар сарын 21, 22-ны өдөр аймгийн төвд зохион байгуулах гэж байна. Тус зөвлөлгөөнд Говь-Алтай аймгийн сумдын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Засаг дарга, багийн Засаг дарга, хэлтэс, агентлаг, албадын болон төрийн байгууллагын дарга, захирал, эрхлэгч нар гээд нийт 326 удирдах ажилтан оролцоно. Эдгээр удирдах ажилтнуудын хууль, эрх зүйн мэдлэг болон манлайлах ур чадварыг дээшлүүлэн, төрийн албаны хариуцлага, сахилга батыг сайжруулах, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, удирдах ажилтнуудынхаа санал, хүсэлтийг сонсож, алдаа оноогоо дүгнэн хэлэлцэж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлоход зөвлөлгөөний үндсэн зорилго оршиж байгаа.  
      
-Зөвлөлгөөнөөр ямар асуудлууд голлон яригдах вэ, мөн ямар үр дүнд хүрэх бол?

-Аймгийн удирдах ажилтны сургалт, зөвлөлгөөнд Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газар, Архивын ерөнхий газар, Удирдлагын академийн багш, мэргэжилтнүүдийг урьж оролцуулж байгаа. Энэ удаагийн зөвлөлгөөнийг хэвшмэл болсон байдлаар хуралдаад тарах биш тодорхой мэдлэг олгож, тулгамдсан асуудлуудыг сонсож, цаашид анхаарах арга хэмжээг тодорхойлохыг зорилго болгож байна.
Иймд зөвлөлгөөн маань удирдах ажилтнуудыг чадавхжуулах сургалт болон оролцогчдын санал бодлыг сонсох, цаашдын чиг хандлагыг тодорхойлох хэлэлцүүлэг гэсэн хоёр хэсгээс бүрдэх юм. Зөвлөлгөөний үр дүнд удирдах ажилтнууддаа Авлигатай тэмцэх тухай, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулга, мөн хуулийн тусгай ангид заасан авлигын эсрэг гэмт хэргийн талаар, Захиргааны ерөнхий хууль, Зөрчлийн тухай, Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулга, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай зэрэг хууль, Төрийн албан хаагчийн ёс зүй, байгууллагын хөгжил ба манлайлал, төрийн байгууллагын үйл ажиллагааны төлөвлөлт, гүйцэтгэл, тайлагналт, албан хэрэг хөтлөлтийн стандарт зэрэг сэдвүүдээр мэдлэг олгох сургалтуудыг зохион байгуулна.
Дээрх чиглэлүүдээр сургалт хийснээр удирдах ажилтнуудын хууль эрх зүйн талаар мэдлэг дээшилж, манлайлах, удирдах арга барилд ахиц дэвшил гарч, төрийн байгууллагуудын үйл ажиллагаа сайжирч, албан хаагчдын сахилга, хариуцлага, ажилдаа эзэн байх ур чадвар дээшилнэ гэж үзэж байна.    
    
-Тус аймгийн хэмжээнд төрийн байгууллагад хэчнээн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж байна вэ. Тэдгээрээс хэд нь удирдах албан тушаал хашиж байгаа вэ?
-Манай аймагт нийт 4316 төрийн албан хаагч байна. 2018 оны байдлаар Улс төрийн албан тушаалтан 132, төрийн захиргааны албан хаагч 524, төрийн тусгай албан тушаалтан 171, төрийн үйлчилгээний албан тушаалд 3489 албан хаагч ажиллаж байна. Үүнээс  377 нь удирдах албан тушаал хашиж байна.  
 
-Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчид болон төрийн байгууллагуудын үйл ажиллагаа, үйлчилгээний чанар хүртээмжийн талаарх иргэдийн сэтгэл ханамж ямар байдаг вэ?

-Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолоор батлагдсан “Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ үнэлгээ хийх журам”-д тусгагдсаны дагуу аймгийн төрийн захиргааны байгууллагуудын 2017 оны үйл ажиллагааны талаарх “Хэрэглэгчийн үнэлгээ”-г хөндлөнгийн судалгааны байгууллагаар хийлгэсэн.
Иргэдийн сэтгэл ханамжийн судалгаагаар сайн үзүүлэлттэй үнэлэгдсэн үйлчилгээг салбараар танилцуулбал, Батлан хамгаалах салбарын хувьд 4 буюу хамгийн өндөр үзүүлэлттэй гарсан бөгөөд оюутан цэрэг хөтөлбөр, цэрэг татлагын үйл ажиллагааг иргэд сайн гэж үнэлсэн байна. Эрүүл мэндийн салбараас эмнэлгийн дотоод орчны тохижилт, цэвэрлэгээ /3.8/, боловсролын салбараас сургууль, цэцэрлэгийн сургалтын орчин, сургалтын чанар, багшийн ур чадвар /3.4/ хамгийн сайн үзүүлэлттэй байсан бол   цахилгааны доголдол гарахгүй байгаа, цаг уурын мэдээ үнэн байдаг гэж иргэд үнэлжээ.
Нөгөөтэйгүүр үнэлгээний тайлангаар төрийн байгууллага, удирдлагууд маань өөрийн хийж хэрэгжүүлсэн ажлаа иргэдэд тайлагнаж мэдээлдэггүй, сурталчилж таниулдаггүй  учир дутагдалтай гэсэн үнэлгээ авсан байна. Гэхдээ санал асуулгад оролцсон иргэдийн хувьд төвөөс алслагдмал байдал, боловсролын түвшин харилцан адилгүй байх, үйлчилгээ авсан эсэхээс шалтгаалж үнэлгээний дүнд нөлөөлсөн байдал анзаарагдсан.
Дээрх судалгааны дүнд гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэхээр төлөвлөгөө гарган ажиллаж байна. Энэ хүрээнд төрийн байгууллагууд нэгдэн, хамтарч иргэддээ хүрч үйлчлэх ажлыг эхлүүлээд байна. Нийгмийн салбарын байгууллагууд “Хүлээж биш хүрч үйлчилье” уриан дор эрүүл мэнд, боловсрол, соёл, спорт, нийгмийн даатгал, халамжийн үйлчилгээ, гэр бүл, хүүхэд, залуучуудын чиглэлээр сумдадаа хүрч ажиллан, зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлэн ажиллалаа. Цаашид аймгийн төвийн багийн иргэдэд төрийн байгууллагын үйл ажиллагааг сурталчлан, зохих үйлчилгээг тогтмол үзүүлэн ажиллахаар төлөвлөж байна.
 
-Ер нь төрийн албан хаагч бүр иргэдийнхээ санал бодлыг сонсож, тэдний өмнө тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх гүүр болон ажиллах үүрэгтэй. Орон нутгийнхаа төрийн алба хаагчдыг энэхүү хариуцлагатай үүргээ биелүүлэхэд Төрийн албаны салбар зөвлөлөөс хэрхэн дэмжиж, анхаарч ажиллаж байна вэ?

-Аймагтаа “Төрийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийг байгуулан ажиллуулж, иргэдийн санал бодол, гомдол хүсэлтийг “Нээлттэй утас-70481111”, www.70481111.mn цахим системээр хүлээн авч шуурхай шийдвэрлэн ажиллаж байна. Аймгийн хэмжээнд 2018 оны эхний улирлын байдлаар ЗДТГ-т 77, сумдад 5192, агентлагуудад 530, нийт 5799 өргөдөл ирүүлснээс 5557 өргөдлийг шийдвэрлэж, шийдвэрлэлтийн хувь 95 хувьтай байна.
Нөгөөтэйгүүр төрийн албаны мэргэшсэн, ил тод, нээлттэй байх зарчмын хүрээнд төрийн жинхэнэ албаны сул орон тооны сонгон шалгаруулалтыг явуулж, өндөр оноо авч тэнцсэн иргэдийг тухайн ажлын байранд томилон ажиллуулах саналыг хүргүүлэн, хэрэгжилтийг хангуулан ажиллаж байна.
Мөн төрийн албан хаагчдыг чадавхжуулах, мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, ажлын цаг ашиглалт, бүтээмжийг нэмгдүүлэхийн тулд мэргэшүүлэх, давтан сургах чиглэлээр ажлын байр дээрх, дотоод, гадаадын сургалтуудад хамрагдах нөхцөл боломжоор ханган ажиллаж байна. 
Цаашид аймгийн төрийн байгууллагуудад  “Чанарын удирдлагын тогтолцоо-ISO 9001” стандарт буюу салбарын холбогдох хууль тогтоомж, шийдвэрийг хангуулах, хэрэглэгчийн шаардлагыг хангасан бүтээгдэхүүн, үйлчилгээг бий болгох, байгууллага бодлого, зорилтдоо хүрэхэд шаардагдах бүх асуудлыг гүйцэтгэх чадавхийг баталгаажуулах үйл ажиллагааг нэвтрүүлэх зорилт тавин, тухайн төрийн албан хаагчийн үйл ажиллагааг тодорхой, цэгцтэй, үр дүнтэй хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
 
-Монгол Улсын Засгийн газраас энэ оныг “Хариуцлагын жил” болгон зарласны дагуу тус аймгийн ИТХ-аасСахилга, хариуцлагыг сайжруулах” жил болгон зарласан. Жилийн ажлын хэрэгжилтийн явцын талаарх мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 32-р тогтоолоор 2018 оныг “Хариуцлагын жил” болгон зарласны дагуу аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 05 дугаар тогтоолоор энэ оныг “Сахилга хариуцлагыг сайжруулах жил” болгосон. Мөн аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсгээс Сахилга хариуцлагыг сайжруулах жилийн ажлын хүрээнд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээр батлуулан хэрэгжилтийг ханган ажиллаж байна. Тухайн төлөвлөгөөтэй уялдуулан албан байгууллага бүр дотооддоо төлөвлөгөө гарган ажиллаж байгаа.
Аймгийн Засаг даргын Тамгын газраас өнгөрсөн тавдугаар сард хойд бүсийн сумдад ажиллаж нийт 45 төрийн байгууллагын “Сахилга хариуцлагыг сайжруулах жил”-ийн ажлын хэрэгжилттэй газар дээр нь танилцаж, зөвлөн тусалж ажилласан. Мөн сумдын 2017 оны үйл ажиллагааны үнэлгээгээр эхний байр эзэлсэн Бигэр, Төгрөг сумдад бүсчилсэн үзүүлэх сургуулийг зохион байгуулж, төрийн албан хаагчийн ёс зүй, сахилга хариуцлагын талаар тусгайлсан сургалтыг зохион байгуулаад байна.  
Монгол Улсын Засгийн газрын 2010 оны 288 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийн хэрэгжилтийг ханган ажилласнаар 2016 онд 23, 2017 онд 25, 2018 оны эхний хагас жилийн байдлаар 21 төрийн албан хаагчид Төрийн албаны хуулийн дагуу сахилгын арга хэмжээ авсан байна.
 
-Төрийн албаны Говь-Алтай аймаг дахь салбар зөвлөлийн даргын хувьд салбар зөвлөлийнхөө бүрэлдэхүүн, ажиллах чиг үүргийн талаар товч мэдээлэл өгөх нь зүйтэй болов уу?
-Төрийн албаны салбар зөвлөл нь Төрийн албаны болон бусад хууль тогтоомж, Төрийн албаны зөвлөлийн үйл ажиллагааны дүрэмд заасан төрийн албаны хүний нөөцийн удирдлагатай холбогдсон бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Салбар зөвлөлийн даргаар миний бие, гишүүдэд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга, аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга, Хууль, эрх зүйн хэлтсийн дарга, аймгийн Ерөнхий аудитор, Шүүхийн Тамгын газрын дарга, нарийн бичгийн даргаар Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн хүний нөөцийн мэргэжилтэн ажилладаг.
Салбар зөвлөл нь нутаг дэвсгэрийн хэмжээнд төрийн албаны шинэтгэл, боловсон хүчний бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах, зохицуулахад мэргэшлийн зөвлөгөө, арга зүйн туслалцаа үзүүлэх, Төрийн албаны тухай хууль тогтоомж болон Төрийн албаны зөвлөлийн шийдвэр, өгсөн үүргийн биелэлтийг зохион байгуулах, төрийн албаны шинэтгэлийн бодлого, стратеги, хүний нөөцийн бодлогын хэрэгжилтийн явц, үр дүнд хяналт-шинэжилгээ, үнэлгээ хийж, түүний үр дүнг дээшлүүлэх талаар санал, зөвлөмж гаргах, төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтанд төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг сахиулахтай холбогдсон зөвлөгөө өгөх, ёс зүйн хороог арга зүйн удирдлагаар хангах, төсвийн байгууллагаас төрийн жинхэнэ албан хаагчийг бэлтгэх, мэргэшүүлэх, давтан сургах хэрэгцээг судалж, салбар зөвлөлөөс нэр дэвшүүлэн томилогдсон төрийн жинхэнэ албаны удирдах албан тушаалтан төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөнтэй холбогдож гарсан маргааныг хянан шийдвэрлэх чиг үүргийг хэрэгжүүлдэг.
 
-Цаг гарган бидэнтэй ярилцсан Танд баярлалаа. “Сахилга хариуцлагатай төрийн алба-2018” аймгийн удирдах ажилтны сургалт, зөвлөлгөөний үйл ажиллагаанд амжилт хүсье.

-Баярлалаа, аймгийн удирдах албан тушаалтан болон нийт төрийн албан хаагчиддаа хуулиар хүлээсэн чиг үүргээ нэр төртэй биелүүлж, сахилга хариуцлагатай, ёс зүйтэй төрийн албыг хамтдаа бий болгохыг уриалж байна.
Э.Нарангэрэл
 

Холбоотой мэдээ