Орхон аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын хариуг анх удаа дэлгэцээр шууд дамжуулна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-06-16 15:38:41
oyuka_hu@yahoo.com
Орхон/МОНЦАМЭ/  Орхон аймаг элсэлтийн ерөнхий шалгалтын дүнг дэлгэцээр шууд харуулна. Шалгалт болж буй “Баян-Өндөр” цогцолбор сургуульд нийт 42 камер байрлуулж эцэг, эхчүүд нь хүүхдүүдээ шалгалтаа хэрхэн өгч байгааг харахаас гадна шалгалтын дүнг уг дэлгэцээр шууд харуулах юм. Тодруулбал, өнөөдөр болж буй монгол хэл, бичгийн хичээлээс бусад хичээлийн шалгалтын дүн программын дагуу гадна байрлуулсан дэлгэцээр шууд дамжуулна. Энэ нь эцэг, эх, сурагч, багш нарын аль, алинд нь “шударга шүүлт” болж байна гэж эцэг, эхийн төлөөлөл ярьж байна. Уг ажлыг Орхон аймаг анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд 42 камер байршуулахад орон нутгаас зургаан сая төгрөг зарцуулжээ. 
Монгол хэл, бичгийн хичээлийн шалгалт нь бичих даалгавар олонтой тул энэ удаа хариуг нь дэлгэцээр гаргах боломжгүй гэнэ. Харин бусад хичээл нь бөглөх даалгавартай тул хариуг нь программын дагуу гадаах дэлгэцээр шууд харуулж болох ажээ. Энэ нь цаг хугацааг хэмнэж байгаагаараа мөн давуу талтай юм.
Энэ жил Орхон аймагт элсэлтийн ерөнхий шалгалтад 1427 хүүхэд 11 хичээлээр өгөхөөр бүртгүүлжээ.
Б.Оюун-Эрдэнэ
 

Холбоотой мэдээ