“Улаанбаатарын яриа хэлэлцээ” Хельсинкийн загвараар байнгын институц болох боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
192@montsame.mn
2018-06-15 15:37:31
Улаанбаатар /МОНЦМАЭ/.Зүүн хойд Азийн бүс нутагт энхтайван, аюулгүй, тогтвортой байдлыг улам бэхжүүлэх талаар ярилцсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-ний 5 дугаар бага хурал хоёр өдөр хуралдаж өнөөдөр хаалтаа хийв.
Энэ удаагийн “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-гээр Солонгосын хойгт үүсээд буй өнөөгийн харилцааны таатай, эерэг уур амьсгал бүхий үйл явцыг цаашид улам хөгжүүлж урагшлуулахын төлөө, ингэхдээ нийгэм, соёл, хүмүүнлэгийн зэрэг олон салбар чиглэлээр бэхжүүлж хөгжүүлэх шаардлага, боломжтойг хөндөн ярилцав. Уулзалтын талаар Аюулгүй байдлын судалгааны Үндэсний хүрээлэнгийн ахлах судлаач Д.Мөнх-Очироос тодрууллаа.
-Энэ удаагийн хурал Зүүн хойд Азийн аюулгүй байдалд олон жил хүндрэл бэрхшээл учруулж ирсэн асуудлыг шийдэхэд маш том эргэлтийн алхам хийсэн үед болж буйгаараа онцлог байв. Яг хуралтай холбоотой гарсан  гол үр дүн гэвэл Япон зэрэг орны төлөөлөгчдийн зүгээс дэвшүүлж тавьсан “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г Европын Аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын үүсэл болсон, 40-өөд жилийн өмнөх Хельсинкийн үйл явцтай төстэй замналаар өргөжин хөгжих боломжтой гэсэн саналыг хуралд оролцогчид олон талаас өргөн хүрээнд хэлэлцэн хүлээн авч “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-г цаашид институцийн хэлбэрт шилжүүлэн үйл ажиллагааг нь тогтмолжуулан Зүүн хойд Азийн бүс нутгийн хэмжээнд аюулгүй байдлын өөр олон асуудлаар санал солилцдог индэр байя гэдэгт тогтсон нь чухал байв.  
-Хуралд оролцсон БНАСАУ-ын төлөөлөгчид байр сууриа хэрхэн илэрхийлэв?
-Хойд Солонгосын төлөөлөгчид нэгд, тус улсын Төрийн зөвлөлийн дарга Ким Жөн Уны 2018 оны Шинэ жилийн мэндчилгээнд дурдсан Энхтайванч санаачилга өндөр амжилтанд хүрч байна. Тийм учраас БНАСАУ Панмунжомын тунхаглал болон саяхан болсон Сингапурын уулзалтын хамтарсан мэдэгдлийн заалтуудыг хэлбэртгүй биелүүлнэ гэдгээ илэрхийлсэн. Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс бүрэн ангижруулахын төлөөх үйл явцаа эхлүүлнэ гэдгээ БНАСАУ-ын төлөөлөл болох ГХЯ-ны дипломат төлөөлөгч дахин илэрхийлсэн. Хоёрт,  дэлхийн улс орнууд БНАСАУ-ын энэхүү нааштай алхамыг хүндэтгэн үзэхийг хүсч байна гэсэн агуулгатай үгийг хэлсэн. Мөн та бүхэн мэдэж байгаа байх, БНАСАУ болон Японы төлөөлөгчид Улаанбаатар хотод албан бус уулзалт хийсэн байгаа.
Б.Болд
Холбоотой мэдээ