Ч.Хүрэлбаатар: Шударгаар татвар төлдөг аж ахуйн нэгжүүдийг дэмжинэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-14 17:59:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Татварын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ.

Засгийн газраас өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслийн үзэл баримтлалыг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулав.

Одоогийн үйлчилж буй хуулийн хүрээнд татвар төлөгч татварын тайлангаа буруу гаргасан тохиолдолд засварлах боломжгүй байхаар заажээ. Тиймээс татвар төлөгч нь татварын тайлангийн алдаагаа засах боломжийг олгох зохицуулалтыг хуулийн төсөлд тусгажээ.Түүнчлэн иргэд хөрөнгөө бусдад шилжүүлэхдээ татварын өртэй бол түүнийг нь заавал төлүүлэх, татвар төлөхөөс зайлсхийсэн тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэх асуудлыг нарийвчлан тусгасан байна. Мөн тайлангийн алдааг урьдчилан илрүүлж, татвар төлөгчид туслах үйл ажиллагааг нарийвчлан журамлах, өр төлөх хугацааны хөнгөлөлтийг сунгах зэрэг зохицуулалтыг оруулжээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үед Г.Тэмүүлэн гишүүн Монгол Улс иргэн, аж ахуйн нэгжүүдээс хэдэн төрлийн татвар авч байгааг тодруулав. Монгол Улсын төсвийн тухай хуульд тусгаснаар улсын төсөвт төвлөрүүлэх 17, орон нутгийн төсөвт төвлөрүүлэх 18 төрлийн татвар байдаг гэдгийг Ч.Хүрэлбаатар сайд хариуллаа.
Мөн үеэр гишүүд татвараа хугацаанд нь төлөөгүй аж ахуйн нэгжүүдэд ямар хариуцлага тооцохыг асуулаа. Хуулийн төсөлд татвараа шударгаар төлдөг аж ахуйн нэгжүүдийг дэмжих бодлого баримталж байгаа аж. Ингэхдээ хугацаандаа татвараа төлдөг ч нэг удаа хоцроосон иргэн, аж ахуйн нэгжүүдийг нийт төлөх ёстой татварын 1 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох аж. Харин хөрөнгөө нуун дарагдуулдаг, татвараас зайлсхийдэг аж ахуйн нэгжүүдийг төлөх ёстой татварын 30-100 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор тусгажээ.
Түүнчлэн  ажлын байр шинээр бий болгосон аж ахуйн нэгжүүдэд татварын дэмжлэг үзүүлэх эсэх, шинэ төрлийн татвар бий болгохоор тусгасан эсэхийг Л.Болд, Ц.Гарамжав нар тодрууллаа. Шинэ төрлийн татвар болон ажлын байр бий болгосон аж ахуйн нэгжүүдэд дэмжлэг үзүүлэх талаар заалт ороогүйг ажлын хэсгийн гишүүд хэлэв. Мөн Ж.Мөнхбат гишүүн татварын байгууллагын даргад тавих шаардлагыг өндөрсгөх шаардлагатайг санууллаа. Түүнчлэн УИХ-ын хаврын чуулган өндөрлөхөд 14 хоног үлдсэн байгаа энэ үеэд Татварын багц хуулийг хэлэлцэж амжихгүй байх магадлалтай хэмээв.

Мөн үеэр Л.Энх-Амгалан гишүүн, “2017 онд татварын албанд тайлангаа ирүүлсэн бүх аж ахуйн нэгжийн 50 хувь “Х”, 20 хувь нь алдагдалтай ажилласан гэсэн байна. Мөн 13 мянган аж ахуйн нэгж нийгмийн даатгалд 130 тэрбум, татварын албанд 100 тэрбум төгрөгийн өртэй байна. Тиймээс бид аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сэргээх чиглэлд анхаарах хэрэгтэй” гэсэн санал хэллээ.

Өнгөрсөн хугацаанд эдийн засгийн хүндрэлээс үүдэн аж ахуйн нэгжүүд тогтвортой үйл ажиллагаа явуулахад хэцүү байсныг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хэллээ. Татварын ерөнхий хуулиар дотоодын аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа явуулахад нь дэмжлэг үзүүлэх, татварын болон бусад дарамтын бууруулах чиглэлд түлхүү заалт оруулсан гэсэн тайлбарыг мөн өгсөн юм.

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 50.8 хувь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ