Хуучирсан байрны зарим засварын зардлыг орон нутгийн төсвөөс гаргахаар шийдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-14 06:43:24
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Г.Ганболд Арвайхээр сумын 52 айлын орон сууцны оршин суугчидтай өчигдөр уулзалт хийлээ.
Арвайхээрт он хуучирч, ашиглалтаас гарсан хэд хэдэн орон сууц байдгийн нэг нь энэ юм. Оршин суугчид байрныхаа сантехник, гадна тохижилт, хүүхдийн тоглоомын талбай, орцны болон дээврийн засвар зэрэг асуудлуудыг шийдвэрлүүлэхийг хүслээ.
Тэдэнтэй санал солилцсоны эцэст орон нутгийн төсвөөс орон сууцны дээврийг засварлаж, орцны бүх цонхнуудыг шинэчлэх шийдвэрийг Засаг дарга гаргалаа. Харин Сууц өмчлөх холбооноос орон сууцны хойд талын нурсан шатыг засварлан түүний ойр орчмыг цэвэрлэх, орцоо засварлах ажлыг хариуцсан авав.
2-3 жилийн өмнө 52 айлын орон сууцны дулааны шугам сүлжээ, сантехникийн ажлыг орон нутгийн 6 сая гаруй төгрөгөөр засварлан шинэчилж байсан юм.
Түрээсийн өрөөтэйгээ 70 гаруй айл амьдардаг, 4 давхар уг орон сууцыг 1980-аад оны дундуур барьж байжээ.
Б.Батчимэг

Холбоотой мэдээ