Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас осол аваар гарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-06-12 13:20:34
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ сар гарсаар хот хоорондын замд хоёр том осол гарсан байна. Есөнзүйл сумын 4 дүгээр баг "Арлын ухаа" гэх газарт Тоёота Аллион маркийн автомашин онхолдсоны улмаас нэг хүний амь хохирч, хоёр зорчигч биедээ хүнд гэмтэл авчээ.
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-7-А заалт болох "жолоочид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" хэмээх заалт, 2-3-Б заалт болох "Хамгаалах бүсээр тоноглогдсон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүс хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх", 2-2-А заалт "Замын хөдөлгөөний тухай олон улсын Конвенцид нийцэх жолоодох эрхийн үнэмлэхтэй байна" гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн хэмээн Цагдаагийн газраас үэзж байгаа юм.
Мөн Бүрд сумын 2 дугаар баг “Өлзийт худаг”гэх газарт автомашины осол гарсан. Уг автомашинд жолооч ганцаараа явсан бөгөөд шөнө нь уурхайд ажилтай хоночхоод хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодоод замын хажуу хэсгийн шороон даланг давж унасан байна.
Энэ нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-7-А заалт "жолоочид хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно" гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй хэмээн үзэж байгаа аж.
Иймд хэт ядарсан үедээ болон согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг Цагдаагийн газраас анхааруулж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ