Дотоодын болон импортын архи дарсанд адил татвар ногдуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-12-03 15:48:26

УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийлээ.

Манай улс 1997 онд Дэлхийн худалдааны байгууллага /ДХБ/-ын Марракешийн хэлэлцээрт нэгдэн орсон бөгөөд манай улс тус байгууллагын бусад гишүүн орнуудын адилаар Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийг баримтлах  үүрэг хүлээсэн юм. Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн 3 дугаар зүйлд ДХБ-ын гишүүн орнуудын гарал үүсэлтэй импортын бараанд үндэсний гарал үүсэлтэй ижил бараанд олгодгоос дутуугүй тааламжтай нөхцөл олгохоор заасан боловч одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Онцгой албан татварын тухай хуулиар дотоодын болон импортын архи, дарсанд ялгавартай татвар ногдуулж байгаа бөгөөд энэ нь 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дээрх заалттай зөрчилдөж байгаа юм.

Түүнчлэн УИХ энэ оны 2 дугаар сарын 17-ны өдөр Монгол Улс, Япон Улс хооронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг соёрхон баталсан бөгөөд хэлэлцээрийн үндсэн нөхцөлд талууд 1994 оны Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрийн дагуу нөгөө талын бараанд үндэсний нөхцөл олгохоор заасан. Дээрх хэлэлцээрт заасны дагуу Японы талаас импортын архи, дарсанд ногдуулдаг онцгой албан татварын хувь хэмжээг эх орны үйлдвэрийн архи, дарстай ижил хувь хэмжээгээр ногдуулах шаардлагыг тавьсан юм. Иймд Дэлхийн худалдааны байгууллагын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх, Япон Улсын Засгийн газартай байгуулсан Эдийн засгийн түншлэлийн тухай хэлэлцээрийг бүрэн хэрэгжүүлэх зорилгоор Онцгой албан татварын тухай хуульд  өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Түүнчлэн архи, дарс үйлдвэрлэдэг дотоодын аж ахуйн нэгжүүдээ дэмпингээс хамгаалах зорилгоор импортын архи, дарсанд ногдуулдаг гаалийн албан татварын хувь хэмжээг Тариф, худалдааны ерөнхий хэлэлцээрт заасан /bounded/ буюу зөвшөөрсөн хувь хэмжээнд хүргэн нэмэгдүүлэхээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төсөлд тусгасан аж.

Дээрх өөрчлөлтүүдийг оруулснаар онцгой албан татварын орлого 3,950.7 сая төгрөгөөр буурах боловч гаалийн албан татварыг нэмэгдүүлснээр төсвийн орлого 3,999.4 сая төгрөгөөр нэмэгдэж нийт тэнцэл 53 сая төгрөгийн ашигтай  байна. Мөн түүнчлэн хуулийн  төсөлтэй холбогдуулан Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг 58,6 хувийн саналаар, “Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” УИХ-ын 1999 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг 55,9 хувийн саналаар тус тус хэлэлцэх нь зүйтэй хэмээн олонх дэмжлээ. Мөн Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзэж, гишүүд саналаа өгөв.

Б.Туул

Холбоотой мэдээ