Х.Баттулга: ОХУ, БНХАУ гадаад худалдаагаа Монголын нутгаар тээвэрлэх нь бүх талын эрх ашигт нийцнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-07 11:14:45
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулж буй “Монгол-Оросын санаачилга-2018” эдийн засгийн чуулга уулзалт өнөөдөр Төрийн ордонд эхэллээ.

ОХУ-тай уламжлалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа тогтвортой хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл бөгөөд хоёр талын харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах нь чухлаар тавигдаж байна хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга чуулга уулзалтын нээлтийн үеэр онцлов.

Тэрбээр, “Нэн тэргүүнд манай хоёр орон гадаад худалдааны эргэлтээ нэмэгдүүлэхийн зэрэгцээ, экспорт, импортын тэнцвэргүй байдлыг арилгах нь чухлаар тавигдаж байна. Монгол Улс гадаад худалдаа, хөрөнгө оруулалтад тэнцвэртэй байдлыг хадгалан, хөрш орнуудтайгаа хамтын ажиллагаагаа бүх талаар өргөжүүлэн хөгжүүлэх зорилт тавьдаг. Бид ОХУ-тай хоёр талт болон гурван талт хамтын ажиллагааг хөгжүүлэх зорилт тавьж байна. Хоёр талын хамтын ажиллагааны тухайд Улаанбаатар төмөр замтай дүйцэхүйц төслүүдийг хэрэгжүүлэх шаардлагатай байна. ОХУ-ын хөрөнгө оруулалт, технологид тулгуурлан арьс шир боловсруулах үйлдвэр байгуулан, ОХУ, Евроазийн эдийн засгийн холбоонд стандартад нийцсэн бүтээгдэхүүн нийлүүлэх бүрэн боломж бий. Энэ нь эрчимтэй хөгжиж буй хоёр том зах зээлийн дунд оршдог Монгол Улсын хувьд далайд гарцгүй бэрхшээлээ даван туулах том боломж юм. Европ, Азийг холбох тээврийн шугам болох боломжоо ашиглан Монгол, ОХУ, БНХАУ-ын Эдийн засгийн коридор байгуулахыг зорьж байна. Одоогоор ТЭЗҮ боловсруулах, санхүүгийн эх үүсвэрийг тодорхойлохоор идэвхтэй ажиллаж байгаа. ОХУ, БНХАУ нь гадаад худалдааны эргэлтээ 200 тэрбум ам.долларт хүргэхээр ажиллаж байгаа бөгөөд үүнийг Монголын нутгаар, дөт замаар дамжуулах нь бүх талын эрх ашигт нийцэх юм. Тиймээс Эдийн засгийн коридор байгуулах ажлыг идэвхжүүлэхийн төлөө Монгол Улс өөрөөс шалтгаалах бүхнээ хийхэд бэлэн байна. Хэдхэн хоногийн дараа болох ШХАБ-ын уулзалтын үеэр Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын 4 дэх уулзалт болно. Бүс нутгийн эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаанд нэгдэж, хөрөнгө оруулалтын нөхцлийг хөнгөвчлөх үүднээс Евроазийн эдийн засгийн холбоотой Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулах саналыг Монгол Улс дэвшүүлсэн. Энэ саналыг ОХУ дэмжиж байгаад талархаж байна” хэмээв.

Мөн Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг ОХУ-ын муж, хотуудад зохион байгуулах, цахим худалдаа хийх нөхцөл, техникийн зохицуулалтыг одооноос хөгжүүлэх шаардлагатай байгааг Ерөнхийлөгч дурьдсан юм.

Мөн уулзалтад ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин илгээлт ирүүлснийг түүний бие төлөөлөгч И.Е.Левитин уншиж танилцууллаа. Уг илгээлтэд, “ОХУ нь Монгол Улстай эртний найрсаг харилцаатай. Хоёр улсын бүх талын харилцаа, стратегийн хамтын ажиллагаа нь манай гадаад бодлогын чухал хэсэг юм. Энэ хүрээнд хамтын ажиллагаагаа дэд бүтэц, тээвэр, хөдөө аж ахуйн чиглэлээр хөгжүүлэх бодолтой байна. “Монгол, Оросын санаачилга”-ын хүрээнд зохион байгуулж буй арга хэмжээнүүд манай улсын хамтын ажиллагаанд томоохон түлхэц болно гэдэгт найдаж байна. Монгол, ОХУ-ын худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн хамтын ажиллагааны хүрээнд шинэ гэрээ, хэлэлцээр хийх, технологийн хөгжлийн харилцан солилцоход томоохон түлхэц үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Чуулга уулзалт “Монгол-Орос: Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа стратегийн түншлэлийг хөгжүүлэх түлхүүр хүчин зүйл болох нь” нэгдсэн хуралдаанаар үргэлжилж байна. Уулзалтад ОХУ-аас эрчим хүч, цахим техник, машин үйлдвэрлэл, нисэх онгоцны үйлдвэр, тээвэр, барилгын материал, харилцаа холбоо, мэдээллийн технологи, хүнс, хөдөө аж ахуйн машин механизм, хүнс боловсруулах тоног төхөөрөмжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй 50 гаруй аж ахуйн нэгж, Монголын 500 гаруй бизнесийн төлөөлөл  оролцсон салбар хуралдаанууд өрнөх юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ