“Өнөр бүл”, “Эрдэм” хүүхдийн төвийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2018-06-06 11:12:54
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар “Өнөр бүл” болон “Эрдэм” хүүхдийн асрамж, халамжийн төвийн өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэсэн байна. Энэ талаар ХНХ-ын сайд С.Чинзориг мэдээлэл хийв.
 
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” буюу 6 дугаар сарын 01-нд ХНХЯ-ны харъяа “Өнөр бүл” хүүхдийн төвийн үйл ажиллагаатай танилцсан. Тус төвийн барилгын дээврийг засварлах болон олон жил хуримтлагдсан нийгмийн даатгалын өрийг тэглэх зэрэгт шаардлагатай 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж өгөхийг Ерөнхий сайдаас хүссэн юм. Үүний дагуу өнөөдрийн хуралдаанаас 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс  гаргахаар шийдвэрлэв. Одоогийн байдлаар эцэг эх байх эрхээ хасуулсан өрхийн, аав, ээж нь хорих ангид ял эдэлж буй,бүтэн өнчин зэрэг 185 хүүхэд тус төвд амьдардаг. Эдгээрийн дотор тархины саажилттай, хөгжлийн бэрхшээлтэй, тусгай асаргаа шаардлагатай хүүхэд олон бий. Тиймээс Засгийн газрын хуралдаанаас “Өнөр бүл” төвд байгаа тусгай асаргаа шаардлагатай хүүхдэд зориулсан барилга барих асуудлыг судлах, шаардлагатай хөрөнгийг 2019 оны төсвийн төсөлд тусгахыг холбогдох албаныханд үүрэг болгосон хэмээн ХНХ-ын сайд С.Чинзориг хэллээ.
 
Тэрбээр, “Сонгинохайрхан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг “Эрдэм” асрамж, халамжийн төвийг хувийн хэвшил хариуцан ажиллуулдаг. Тус төвийн барилга болон газар нь нийслэлийн өмчид бүртгэлтэй байдаг. Нийслэлийн өмчийн газраас уг барилгыг эгүүлэн авах асуудлыг хөндөх болсон байна. Тиймээс өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар уг газрыг “Эрдэм” асрамжийн төвд шилжүүлэх арга хэмжээ авахыг холбогдох албаныханд үүрэг болгосон” гэлээ.
 
Мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-УИХ-аас хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 80 хувьд олгох  тогтоол баталсан. Хүүхдийн мөнгийг сүүлд нэмэгдсэн 20 хувьд хэзээнээс олгох вэ?

-20 хувьд хүүхдийн мөнгийг 4 дүгээр сараас эхлэн олгох тогтоол баталсан юм. Өөрөөр хэлбэл, 6 дугаар сард хүүхдийн мөнгө олгохдоо 4, 5 сарынхыг нөхөж өгнө. Одоо үйлчилж буй Өрхийн амьжиргааны түвшний судалгааны 580 гэсэн босго оноог 670 болгохоор ажиллаж байна. Энэ оны 8 дугаар сард ОУВС-гийн ажлын хэсэг Монгол Улсад ажиллана. Тухайн үед хүүхдийн мөнгийг 100 хувь олгох асуудлаар дахин хэлэлцээр хийх болно.

-Одоо авч байгаа 20 хувь дахин Өрхийн амьжиргааны судалгаанд хамрах уу?

-Хамрагдах ёстой. Мөн Хүүхдийн мөнгө авах хүсэлтээ аймаг, нийслэлийн хөдөлмөр халамжийн газарт хүргүүлэх хэрэгтэй.

-Өрхийн амьжиргааны судалгаанд хамраагүй хүүхэд бий юу?

-Хүүхдийн мөнгийг Өрхийн амьжиргааны судалгаанд хамарсан хүүхдэд олгож байгаа. Одоогоор энэ судалгаанд 100 мянган хүүхэд хамрагдаагүй байна. Эдгээр өрх өөрсдөө материалаа бүрдүүлээд Өрхийн амьжиргааны судалгаанд хамрах хэрэгтэйг сануулья.
Ч.Ариунболд
Гэрэл зурийг Т.Чимгээ
Холбоотой мэдээ