Пуужин турших гэсэнд АНУ түгшиж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
aminaa@montsame.mn
2015-12-02 12:14:20

ВАШИНГТОН. /Yonhap/. Умард Солонгос шумбагч хөлөг онгоцоос баллистик пуужин харвасан нь амжилтгүй болсон ч АНУ түгшиж буйгаа илэрхийлэн, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчихөөс зайлсхийхийг Пхеньянд уриалав.

Дорнод Хятадын тэнгист  шумбагч хөлөг онгоцоос “KN-11” баллистик пуужинг Умард Солонгос харвасан ч уснаас дээш хөөрөөгүй тухай мэдээлсэн билээ.

"Бид мэдээж уг мэдээнд түгшиж байна” гэж Төрийн департаментын хэвлэлийн төлөөлөгчийн орлогч Марк Тонер тогтмол болдог хэвлэлийн хурлын үеэр хэлсэн байна.

“НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг зөрчих, бүс нутгийн байдлыг хурцатгах өөр ямар нэг үйлдэл хийх, олон улсын энх тайван, аюулгүй байдалд аюул учруулахаас зайлсхийх тухай “маш хүчтэй, тодорхой, шат дараатай” илгээлтийг АНУ болон зургаан талын яриа хэлцээний холбоотнууд Пхеньянд явуулсаар байгаа” гэж тэрбээр хэлэв.

Шумбагч хөлөг онгоцоос баллистик пуужин харвах туршилтыг 5 дугаар сард амжилттай явуулсан гэж Умард Солонгос мэдэгдсэнээс үүдэн Солонгосын хойгт хурцадмал байдал ахин сэргэсэн юм. Шумбагч хөлөг онгоц хөдөлгөөнтэй учраас пуужин харвахаар бэлдэж буйг илрүүлэхэд хэцүү бөгөөд шумбагч хөлөг онгоцоос баллистик пуужин харвах чадвараа Умард Солонгос бүрэн хөгжүүлбэл ноцтой аюул учруулна.

Х.Аминаа
 
 

Холбоотой мэдээ