Хөлбөмбөгийн "Гялалзах од" тэмцээний аваргууд тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-05-16 13:17:24
Дундговь /МОНЦАМЭ/. Хөлбөмбөгийг хөгжүүлэх, хөл бөмбөгийн спортоор дамжуулж хүүхдийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилгоор “Мандалговь клуб”-ээс жил бүр зохион байгуулдаг “Гялалзах од-2018” хөлбөмбөгийн өсвөр үеийн фүтзалын аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.
 
Тэмцээний хамтран зохион байгуулагчаар Дундговь аймгийн Биеийн тамир, спортын газар, “Их талын дуулиан” ТББ оролцсон байна. Тус тэмцээнд 23 багийн 180 гаруй тамирчид оролцож, 4 насны ангилалд өрсөлджээ.

"Гялалзах Од-2018" тэмцээний аваргаар 4-6-р анги, 7-8-р анги, 11-12-р ангийн ангилалд "Эрдмийн далай цогцолбор сургууль"-ийн баг тамирчид,   9-10-р ангийн ангилалд "Оддын цөлнүүд" баг тус бүр шалгарлаа. Мөн "Шилдэг хамгаалагч"-аар М.Мөнх-Од, М.Гантогтох, Н.Сүхбат, О.Доржсүрэн нар шалгарсан бол "Шилдэг хаалгач"-аар Г.Балжинням, Н.Төгөлдөр, Н.Мөнх-Оргил, Б.Түвшин нар тодорсон аж. Түүнчлэн "Шилдэг тоглогч"-оор Э.Золбоо, Э.Бат-Амгалан, А.Тэмүүжин, Н.Буян-Арвижих нар шалгаран, "Эрдмийн далай цогцолбор сургууль" шилдэг хөгжөөн дэмжигч багаар тодорсон аж. 
 
“Мандалговь клуб”-ын гүйцэтгэх захирал Г.Ганчулуун, Дундговь аймагт хөлбөмбөгийн хөгжил 1958 онд эхлэлтэй бөгөөд 1974 он хүртэл идэвхтэй байсан. Түүнээс хойш Дундговь аймгийн хөлбөмбөг сонирхогч залуучууд “Мандалговь клуб”-ыг 2008 онд үүсгэн байгуулж, үргэлжлүүлэн хөгжүүлж байна. Бид хүүхэд залуучуудыг хөл бөмбөгийн спортбг хөгжүүлэх зорилгоор тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа. Манай клуб тамирчдад зөвхөн хөлбөмбөгийн талаар хичээл орох биш, яаж нэг баг хамт олон болох зэрэг харилцааны хичээлүүд ордгоороо онцлогтой.” гэж ярилаа.
 
Түүнчлэн “Гялалзах од” тэмцээний зохион байгуулагчдын зүгээс Улаанбаатар хотоос ирсэн албан ёсны эрхтэй, мэргэжлийн шүүгчид тэмцээнийг шүүн явуулдагийг онцолж байлаа.
Б.Ундармаа
 

Холбоотой мэдээ