Байгаль хамгаалах арга хэмжээнд зарцуулах төсөв танагдаж батлагддаг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2018-05-16 12:19:28
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн БОАЖГ-аас өнгөрсөн жил байгаль хамгаалах арга хэмжээнд 242 сая төгрөг зарцуулахаас аймгийн хэмжээнд 132,3 сая төгрөг батлуулан түүнийгээ ой, ус, ан амьтны нөөцийн хамгаалал, нөхөн сэргээлтийн ажилд зарцуулжээ. Уг нь бол 300 орчим сая төгрөгийг байгаль хамгаалах арга хэмжээнд зарцуулах талаар саналаа төлөвлөж, аймагт хүргүүлсэн ч аймгийн ИТХ-аар танагдсаар байгаад ийнхүү 132,3 сая төгрөг болсон байна.
Өнгөрсөн 2017 онд усны нөөц ашигласны төлбөрт 40,9 сая, ангийн нөөц ашигласны төлбөрт 484,1 сая, ойн нөөц ашигласны төлбөрт 80,8 сая төгрөг орж, нийтдээ 605,8 сая төгрөгийг орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн байна. Гэтэл үүнээс 2018 онд зөвхөн 189,9 сая төгрөг байгаль хамгаалах арга хэмжээнд зарцуулагдахаар, ихэнх хэсэг нь зориулалт бус арга хэмжээнд зарцуулагдахаар болжээ.
“Ер нь бол агнуурын нөөц ашигласны төлбөрийн орлогын 50 хувь, ойн нөөц ашигласны төлбөрийн орлогын 85 хувийг ан амьтан хамгаалал, уулын ойжуулалт болон судалгаа шинжилгээний ажилд зарцуулах ёстой. Гэвч орон нутгийн удирдлагын зүгээс байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогын хэсгийг хуулиар тогтоосон хэмжээнд, зориулалт ёсоор байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах бус төсвийн алдагдлыг нөхөх, зориулалт бусаар зарцуулахаар төлөвлөж, төсвөө батладаг асуудал олон жил үргэлжилж байна” хэмээн аймгийн БОАЖГ-ын дарга Б.Батбаяр хэллээ.
Б.Батхүү
Холбоотой мэдээ