Гэрэл зурагчид мэдлэгээ дээшлүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-05-15 10:11:50
Баянхонгор /МОНЦАМЭ/. Гэрэл зургийн мэдрэмж мэдлэгээ дээшлүүлж, уран бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлэхээр нэгдсэн залуус номын дуу сонслоо.
Тодруулбал, Баянхонгор аймгийн Гэрэл зурагчдын холбооны санаачлагаар аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуй нэгжийн сургалт сурталчилгаа, хэвлэл, мэдээлэл хариуцсан мэргэжилтэн болон бусад гэрэл зураг сонирхогчдыг чадавхижуулах сургалтыг Баянхонгор хотноо зохион явуулсан юм.

Сургалтад нийт 30 гаруй гэрэл зурагчин хамрагдаж, онол болон практикын хичээлийн чиглүүлэгч багшаар Мэргэжлийн гэрэл зурагчин, гэрэл зургийн багш В.Баттулга ажиллажээ.

Хоёр өдрийн сургалтанд суусан гэрэл зураг сонирхогчдын дунд зохиосон уралдааны нэгдүгээр байрт Мазаалай телевизийн оператор О.Очмаа, удаах байрт Баянхонгор телевизийн зураглаач Б.Цог-Эрдэнэ шалгарсан байна.
                                                                                                                               Б.Мөнхзул
Холбоотой мэдээ