Энэ онд 35 иргэн цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-05-12 20:42:41
Өвөрхангай /МОНЦАМЭ/.  2018 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хаах 35 иргэн байна. Тэдний хуваарь, сургалтын зардлыг Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар 5 сарын 11-ний өдөр баталлаа.
Цэргийн насны залуучуудын ердөө 10 хувь нь цэргийн албандаа тэнцэн явж байгаа бөгөөд ихэнх нь эрүүл мэндийн байдлаас шалтгаалан хоцордог байна. Мөн цэргийн албанаас чөлөөлөгдөх, биеэр дүйцүүлэн хаах хүсэлтэй залуучууд олон байгаа юм.
Тэргүүлэгчдийн хуралдаанаар энэ тухай хэлэлцэж, цэргийн албанд татагдсан иргэдийн эрүүл мэндийн үзлэгийн чанарыг сайжруулах, албанаас чөлөөлөгдөх байдалд хяналт тавих, цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа залуучуудыг нийтийг хамарсан ажилд дайчлах үүрэг, чиглэл өглөө. Дуудсан цагт ирэхгүй байх нь гэрээг цуцалж, мөнгөн төлбөрт шилжүүлэх үндэслэл учраас хариуцлагыг чангатгаж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймгийн Цэргийн штабт үүрэг болгов.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ