М.Зоригт Зам тээврийн сайдаар ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-08 19:01:27

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар Зам тээврийн сайдаар УИХ-ын гишүүн М.Зоригтыг томилох асуудлыг хэлэлцэн баталлаа.

Хэлэлцүүлгийн эхэнд Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь байнгын хорооны санал дүгнэлтийг уншиж танилцуулсан юм. УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, “Баруун аймгийнхан бол замын асуудлаас болж хохирч яваа. Д.Хаянхярвааг Сангийн сайд байхад уг нь асуудлыг шийдчихсэн байсан. Гэтэл үүнээс хойш хүрз шороо ч нэмэгдсэнгүй. Мөнгө нь бэлэн байдаг. Иймээс баруун чиглэлийн зам дээр онцгой анхаармаар байна.

Хоёрдугаарт, төмөр зам дээр төр нэг ч төгрөг гаргаж чадахгүй гэдгээ зарласан. Өмнө нь хувийн хэвшил дээр тулгуурлаад хийх байсан ажил 2012 оноос хойш зогсонги байдалтай байна. Гацааж гацаачихаад төмөр замаа хөдөлгөнө гээд байдаг. Тухайн үед нүүрсний үнэ хэд байлаа, өнөөдөр хэд байна. Энэ ажлыг мөн зайлшгүй хөдөлгөх шаардлагатай байна" гээд салбарын бодлого тал дээр дэвшил гаргаж ажиллахыг захив.

УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар, "М.Зоригтыг би дэмжиж байгаа. Тус салбарын ажлуудаас зам тээвэр болон зам засвар арчлалтын асуудал ихээхэн орхигдож ирсэн. Одоо анхаарах цаг нь болсон. Ер нь Зам тээврийн яам өнөөдөр хэрэгжүүлэгч агентлагийн түвшинд ажиллаж байгаа. Аж ахуйн ажил хөөцөлдсөөр яамны ажил урагшлахгүй байна. Та олон төсөл хэрэгжүүлсэн байсан. Иймээс сайн менежер гэдгээ сонгодгоор нь харуулаасай" гэлээ. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх дэмжив.

Товч намтар

Төгссөн сургууль, мэргэжил:
1972-1982 10 жилийн 8 дугаар дунд сургууль
1982-1990 БНСЧСУ-ын Прага хотын Техникийн Их Сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль Инженер, эдийн засагч мэргэжлээр

Ажилласан байдал:
1990-1992 онд "Монголын Оюутны Холбоо"-ны ерөнхийлөгч
1992-2004 онд "Бодь Интернэшнл" ХХК-ий гүйцэтгэх захирал
2004-2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
2009-2012 онд "Бодь" группын ерөнхийлөгч
2009-оноос "Зүүн хойд Ази" нийгэмлэгийн тэргүүлэгч гишүүн
2012-оноос МоАХ-ны дэд тэргүүн
2012-оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:
2010 онд Алтангадас одон
2012 онд Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон

Гадаад хэл:
англи, орос, чех

Б.Туул
 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд