“Дундговь лиг-2018” нээлтээ хийлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
189@montsame.mn
2018-05-06 23:14:14
Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын санаачлагаар “Дундговь лиг-2018” сагсан бөмбөгийн тэмцээнийг аймгийн Биеийн тамир, спортын газраас анх удаа зохион байгуулж байна. 

Дундговь аймаг 2018 оныг “Эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан. Тус ажлын хүрээнд залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд спортоор тогтмол хичээллэх боломж, нөхцлийг бүрдүүлэх зорилгоор тус тэмцээнийг зохион байгуулжээ.

Тус тэмцээн нь тавдугаар сарыг дуустал үргэлжлэх бөгөөд Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн дүрмээр шүүн явуулж буй юм. Ингэснээр Дундговь аймгийн тамирчид улсын чанартай сагсан бөмбөгийн тэмцээнд бэлтгэгдэж байгааг зохион байгуулагчдын зүгээс онцоллоо.

“Дундговь лиг-2018” тэмцээнд орон нутагтаа ажиллаж, амьдарч буй 19-өөс дээш насны залуусыг хамруулжээ. Тэмцээнд “Онцгой байдлын газар”, “Эрүүл мэндийн газар”, АОЗХолбоо, “Өндөр Ээж 8999” хувийн хэвшлийн байгууллага, ГХБХБГ, Зэвсэгт хүчний 278-р байгууламж, “Ган-Илч” ХХК-ийн нийт долоон багийн 65 тамирчид оролцож байна.

Нээлтийн үйл ажиллагаанд Дундговь аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ, Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун нар оролцлоо. Засаг даргын орлогч Ж.Мөнхчулуун энэ үеэр, Орон нутгийнхаа залуучуудыг спортоор хичээллүүлж, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд нь дэмжлэг болох үүднээс зөвхөн сагсан бөмбөгөөр биш волейбол зэрэг бусад спортын төрлөөр лигийн тэмцээнийг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна. Мөн ЗДТГ-аас аваргын бөгж, шилжин явах цом зэргээр урамшуулан дэмжлэг үзүүлнэ гэлээ.

Түүнчлэн тэмцээнд зориулж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэргэжлийн шүүгчид авчран ЕБС-ийн биеийн тамирын багш нарт сургалт явуулжээ.
 
 Б.Ундармаа
Холбоотой мэдээ