“Их эе”-ийг энэ сарын 18-нд хуралдуулахаар болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-05-04 12:17:37
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний бөхийн холбоо /МҮБХ/-ны Цэцдийн зөвлөлийн хурал өчигдөр товлосон ёсоор боллоо.
Энэ хуралд 2002 оны дөрөвдүгээр “Их Эе”-ээс сонгогдсон гишүүд оролцож, дараагийн “Их эе”-ийн хурлын тов, хуралд оролцох гишүүдийн квотыг тогтоов. Цэцдийн хурлыг нийт гишүүдийн олонхи нь улсын заан Ж.Ганболд, начин Г.Пүрэв-Очир, Д.Дашжамц нараар удирдуулахаар сонгосон.
МҮБХ-ны дүрмэнд аль нэг Цэцдийн зөвлөл хуралдаж “Их эе”-ийг хуралдуулах хурлын товыг гаргадаг байна. Тиймээс 2002 оны дөрөвдүгээр “Их эе”-ээс сонгогдсон Цэцдийн зөвлөлийн гишүүд хуралдаж, "Их Эе"-ийг хуралдуулахаар болжээ. Тус хурлаас хэддүгээр “Их эе” гэж нэрлэхээ шийдэхээр санал хураалт явуулахад улсын заан Ж.Ганболдын гаргасан саналын дагуу ээлжит 5 дугаар "Их эе" нэрийн дор хуралдахаар болов.



Энэхүү “Их эе” хурлаа 5 дугаар сарын 18-нд зохион байгуулахаар шийдвэрлэв. Цэцдийн зөвлөлийн хуралд Дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, МҮБХ-ны тэргүүн асан Р.Нямдорж, дэд тэргүүн асан Д.Данзан болон Л.Чинбатын талыг төлөөлөн улсын заан Ж.Ганболд тэргүүтэй төлөөлөл оролцсон байна.
Хурлаар шийдвэрлэсэн бас нэг зүйл нь тавдугаар “Их эе”-ийн хурлын бэлтгэл ажлыг дархан аварга Х.Баянмөнх, арслан Д.Мөнх-Эрдэнэ, нөгөө талаас улсын заан Ц.Магалжав, Б.Сайнбаяр нар зэрэг 8 хүний бүрэлдэхүүнтэй хангахаар боллоо.

Энэ сарын 18-нд болох “Их эе”-ийн хуралд хамгийн дээд тал нь 200 хүнийг оролцуулахаар төлөвлөж, улсын аварга цолтой бөхчүүдийг шууд орох эрхтэй байхаар тохиролцсон байна.
Холбоотой мэдээ