Сирийн арми Латакия мужийг бүсэлжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРЛАТАКИЯ. /Sputnik/. Сирийн хойд нутгийн гол мужуудыг Сирийн арми эзэлж, “Лалын улс” бүлэглэлийн мэдэлд буй, Туркийн хилийн ойролцоох Латакия мужийн гол хотыг бүрэн бүслэхэд ойрхон байна гэж армийн төлөөлөгч мэдээллээ.
“Бид 1122 өндөрлөгийг эзэлж, Сальма хотыг үндсэндээ бүсэлсэн” гэж төлөөлөгч сэтгүүлчдэд хэлсэн байна.
Террористууд ухарч эсвэл устгагдсан учир бүс нутагт анх байсан ойролцоогоор 10 мянган босогчоос 2000 орчим нь үлдсэнийг тэрбээр тодруулав.
“Нусра Фронт”, “Лалын улс” зэрэг лалын босогчдын бүлэглэл болон сөрөг хүчний бүлгүүдтэй Сирийн Засгийн газар тэмцэж, 2011 оноос хойш тус улс иргэний дайны байдалд байгаа юм.
Цэргийн мөргөлдөөний улмаас Сирийн 220 мянга гаруй иргэн амиа алдаж, 12 сая гаруй иргэн дүрвэсэн гэж НҮБ мэдээлжээ.
Х.Аминаа