АНУ Гуантанамогийн шоронгоос нэг хоригдлыг суллажээ

Дэлхийд | Нийгэм
dorjkhand@montsame.mn
2018-05-03 11:19:41
ВАШИНГТОН. /Би-Би-Си/. Террорист халдлага үйлдсэн гэх хэргээр Гуантанамогийн булан дахь Америкийн цэргийн шоронд хоригдож байсан Саудын Арабын иргэнийг эх оронд нь шилжүүлэн өгсөн тухай “Би-Би-Си” телевиз мэдээлэв.

Ахмед Аль-Дарби гэгч нь 2002 онд Йемений усанд нефть тээвэрлэгч хөлөг онгоцыг бөмбөгдсөнөө 2014 онд хүлээн зөвшөөрч байжээ. 2002 оны наймдугаар сараас эхлэн Гуантанамогийн шоронд хоригдож эхэлсэн түүнийг Саудын Арабад шилжүүлэн өгснөө Пентагон өчигдөр мэдэгдсэн байна.

Террорист халдлага үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн түүнд АНУ-ын цэргийн шүүх өнгөрсөн онд 13 жилийн хорих  ял оноосон юм. Тэрбээр үлдсэн ялаа эх орондоо эдлэх аж.

Дональд Трамп АНУ-ыг удирдаж эхэлснээс хойш Гуантанамогийн шоронгоос анх удаагаа хоригдол сулласан нь энэ юм. Ингэснээр АНУ терроризмын эсрэг дайны хүрээнд 2002 онд нээсэн  тус шоронд одоо 40 хоригдол үлдээд байна.

АНУ-ын өмнөх Ерөнхийлөгч Барак Обамагийн засаг захиргаа Куба дахь АНУ-ын тэнгисийн цэргийн баазад орших Гуантанамогийн шоронгоос хэдэн зуун хоригдлыг суллахыг нь суллаж, улс оронд нь шилжүүлэн өгөхийг нь шилжүүлэн өгсөн билээ. АНУ-ын ерөнхиийлөгчийн албан тушаалыг хаших үүрэгт хугацаагаа дуусахаас өмнө тус шоронг бүрмөсөн хаана гэж Б.Обама нэг бус удаа мэдэгдэж байсан боловч чадаагүй.
 
Харин Д.Трамп энэ оны эхээр мэдэгдэл хйихдээ “АНУ-ын нутаг дэвсгэрт террорист халдлага үйлдсэн этгээдүүдийг Гуантанамогийн шоронд хийнэ” гэсэн юм. Энэ шоронд хүмүүсийг эрүүдэн шүүж, тарчлаадаг гэж шүүмжлэгчид үздэг билээ.

Г.Доржханд
 
 

Холбоотой мэдээ