Цагаан арал багийн бага эмчийн салбар унаатай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-05-02 12:45:41

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга А.Гылымхан Баяннуур сумын Цагаан арал багийн бага эмчийн салбарт УАЗ-469 маркийн түргэн тусламжийн машиныг өчигдөр хүлээлгэж өглөө.

Тэрбээр, аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсаны дагуу бүх сумдын эрүүл мэндийн төвүүдийг түргэн тусламжийн унаагаар хангасныг онцолж, цаашид багийн эмч нарыг унаажуулах чиглэлээр ажиллахаа илэрхийллээ.

Цагаан арал баг нь аймгийн төвөөс 100 км, Баяннуур сумын төвөөс 30 км зайд оршдог ба бага сургууль, бага эмчийн салбартай юм. Бага эмчийн салбар нь эмч, эх баригч, сувилагч, асрагч гэсэн найман хүний бүрэлдэхүүнтэйгээр 800 гаруй иргэнд эрүүл мэндийн тусламж үзүүлж байна. Түүнчлэн 2015 онд Японы "Өвсний үндэс" хөтөлбөрийн хөрөнгөөр эмнэлгийн шинэ байртай болж байжээ.   


Ө.Нурболат

Холбоотой мэдээ