Б.Болорыг Сангийн сайдаар томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2015-09-08 18:30:30

УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Болорыг Сангийн сайдаар томилуулах асуудлыг хэлэлцэж дэмжив.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун, “Сангийн яам бол хамгийн том яам. Эдийн засгийн хямрал өнөөдөр оргилдоо хүрээгүй, 2-3 жилийн дараа жинхэнэ хүндрэл ирнэ. Төсвийн алдагдал өдгөө 600 орчим тэрбум төгрөгт хүрсэн. Ирэх жилүүдэд манай улс их хэмжээний өр зээл төлнө. Энэ бүхнийг хэрхэн урьдчилан харж байна вэ” гэсэн бол УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, "Эдийн засгийн хямрал гүнзгийрч байна. Гадаадын хөрөнгө оруулагчид 2016 оны сонгуулийг хүлээнэ хэмээн ярьж байна. Өнөөгийн байгаа байдлаар бол энэ жил манай улс нэг их наяд төгрөгийн алдагдал хүлээхээр байгаа. Ийм цаг үед төсвийн тодотголоо хэрхэн хэзээ оруулж ирэх гэж байна вэ. Өр нэмэхгүйгээр энэ хүндрэлээс хэрхэн гарах боломж байна гэж үзэж байна вэ. Та бодлогын ямар арга хэмжээ авах гэж байна" гэсэн асуулт тавив.

Үүнд УИХ-ын гишүүн, Сангийн сайдад нэр дэвшигч Б.Болор, "Энэ жилийн төсвийг бид өөдрөгөөр баталсан. Гэвч өнөөдөр эдийн засаг төсөвлөсөн шигээ биш байгааг та бүгд мэдэж байгаа. Төсвийн тодотголыг зайлшгүй оруулж ирэх шаардлагатай. Төсвийн тодотголыг аль болох хурдан оруулж ирнэ. Ингэхдээ хэмнэлтийн бодлогыг барьж оруулж ирнэ" хэмээн хариуллаа.

Харин УИХ-ын гишүүн Ч.Улаан, “Б.Болорыг дэмжиж байгаагаа байнгын хорооны хуралдаан дээр хэлсэн. Гэхдээ төсвийн мэргэшсэн албаны тогтвортой байдлыг харгалзаж байгаарай. Сангийн яаманд олон жил ажилласан ажилтнуудад хүндэтгэлтэй хандаарай. Аливаа санхүүжилтын асуудалд нийтлэг эрх ашгийг баримталж ажиллах хэрэгтэй. Улс төрийн албыг төрийн албатай бүү хутгаарай. Монгол Улсын хуулийг дээдэлж ажиллахыг хүсье" хэмээн захив. Ингээд хэлэлцэж буй асуудлаар санал хураалт явуулахад олонх  дэмжив.

Товч намтар

Төгссөн сургууль, мэргэжил:
1997 онд Бельгийн вант улсын Европын их сургууль Эдийн засагч мэргэжлээр
2012 онд Шинжлэх ухаан, технологийн их сургууль тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол:
Бизнесийн удирдлагын магистр

Ажилласан байдал:
1997 - 2000 онд Төрийн өмчит *НИК* компаний гадаад харилцааны мэргэжилтэн
2001 - 2006 онд "Гарьд Тур" ХХК-ий ерөнхий захирал
2006 - 2008 онд Тиара Монголиа төслийн удирдагч
2008 - 2012 онд Гадаад харилцааны дэд сайд
2010 оноос Ардчилсан залуучуудын холбооны ерөнхийлөгч
2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн

Шагнал:
2011 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон

Гадаад хэл:
англи, орос, франц

Б.Туул

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд