ДТГ-ын тэргүүнүүдийн бүсийн зөвлөгөөн Брюссель хотноо боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
dogsom@montsame.mn
2018-04-24 22:52:36

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Европын орнуудад суугаа ДТГ-ын Тэргүүн, худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан ажилтнуудын Бүсийн зөвлөгөөн 2018 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Бельгийн Вант Улсын Брюссель хотноо амжилттай  болов. 
 Энэхүү бүсийн зөвлөгөөнд Европын улсуудад суугаа Монгол Улсын 14 ДТГ-ын Элчин сайд болон худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан ажилтнууд оролцов. Бүсийн зөвлөгөөнд Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар “Монгол Улсын гадаад бодлого: нийгэм, эдийн засгийн байдал, хөгжлийн чиг хандлага” сэдвээр илтгэл тавьж, Засгийн газрын гурван тулгуурт хөгжлийн бодлого, гадаад худалдааг нэмэгдүүлэх, хөнгөвчлөх, монголын экспортыг төрөлжүүлэх, гадаадаас хөрөнгө оруулалт татах чиглэлээр танилцуулга хийв.
Зөвлөгөөнд оролцож буй Европын орнуудад суугаа Элчин сайд нар өөр өөрсдийн суугаа болон хавсран суугаа орны хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны өнөөгийн байдал, тулгарч буй саад бэрхшээлийн талаар танилцуулж, монголын бараа бүтээгдэхүүнийг европын зах зээлд гаргах, бизнес эрхлэгчдийг дэмжих, гадаадаас хөрөнгө оруулалт татах, европын стандартыг нутагшуулах, техник, технологийг Монголд нэвтрүүлэх боломжийн талаар санал солилцов.
Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар Элчин сайд нарт өөрсдийн нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглан монголын экспортын бараа бүтээгдэхүүнийг европын зах зээлд гаргах,  Аж ахуйн нэгжүүдийг олон улсын үзэсгэлэн худалдаанд  оролцоход нь дэмжлэг үзүүлэх, Монголын ЖДҮ-ийн бараа бүтээгдэхүүнийг гадаадад сурталчлах, гадаадын хөрөнгө оруулалт, ЖДҮ-ийн тоног төхөөрөмж, техник технологи, инновацийг оруулж ирэх, Европын холбооны Түншлэл, хамтын ажиллагааны хэлэлцээрийг хэрэгжүүлэх, "GSP" схемийг бүрэн дүүрэн ашиглах,  цахим худалдаа, порталын чиглэлээр хамтран ажиллах, Монголын экспортын бүтцийг төрөлжүүлэх чиглэлээр судалгаа шинжилгээний ажил хийх зэрэг тодорхой үүрэг даалгавар өгөв. 


Холбоотой мэдээ