Үндэсний бичиг үсгийн баярыг “Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнол” уриан дор тэмдэглэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-04-23 11:32:42
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2003 оны 105 дугаар зарлигийг хэрэгжүүлэх, эх хэлээ эрхэмлэн дээдлэх, бичиг соёлын дурсгалаа сурталчлах зорилгоор жил бүр зохион байгуулдаг “Үндэсний бичиг үсгийн баяр-2018” ирэх сарын 01-06-нд улсын хэмжээнд болно.
“Үндэсний бичиг үсэг-Тусгаар тогтнол” уриан дор БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг СУГ, Үндэсний номын сан, Хэлний бодлогын үндэсний зөвлөл, Хүүхдийн, Улаанбаатар хотын номын сан, МУИС-ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбар, “Бичиг соёл” боловсролын төв, Төрийн түүхийн музей, аймаг орон нутгийн номын сангууд зэрэг боловсрол, соёлын байгууллагууд хамтран зохион байгуулах юм.
Үндэсний бичиг үсгийн баярын хүрээнд монгол хэл, соёлын судалгааны асуудлаарх эрдэм шинжилгээний хурлууд, монголчуудын бичиг үсгийн түүх, соёл,  уламжлалыг харуулсан цуврал үзэсгэлэнг, уншигч, эрдэмтдийн уулзалт, хэлэлцүүлэг болон үе үеийн бичиг үсгийн тухай эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвилыг олон нийтэд сурталчлан таниулах төрөл бүрийн арга хэмжээг аймаг, нийслэлийн номын сан, их дээд сургууль, ЕБС зэрэг боловсрол, соёлын байгууллага  хамтран зохион байгуулна.
Үндэсний монгол бичгээ хойч үедээ өвлүүлэх, түүх соёлоороо бахархах үзлийг дэлгэрүүлэх зорилгоор үндэсний бичиг соёлын уралдаан, монгол бичгийн улсын төрөлжсөн олимпиад, уран бичлэг, тэргүүний уншигч, зөв сайхан бичигтэн шалгаруулах  уралдаан, сургалтыг орон даяар явуулж байна.
Эх хэл бичиг, түүх соёлоо үндэсний хэмжээнд  сурталчлах энэхүү арга хэмжээний нээлт ирэх сарын 04-нд  Үндэсний номын санд болно.
 
 
Ж.Болор
Холбоотой мэдээ