“Бид номд дуртай” өдөрлөгийн үеэр ном хямдралтай худалдан авах боломжтой

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-04-20 14:23:29
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын шийдвэрээр “Дэлхийн номын өдөр”-ийг энэ сарын 20-25-нд улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлж байна.

Энэ хүрээнд “Бид номонд дуртай” өдөрлөгийгөнөөдөр Спортын төв ордны өмнөх талбайд зохион байгуулав.
ЮНЕСКО буюу НҮБ-ын Боловсрол, Соёл, Шинжлэх ухааны байгууллага 1995 онд анх дөрөвдүгээр сарын 23-ны өдрийг Дэлхийн ном болон зохиогчийн эрхийн өдөр болгон зарлаж, жил бүр тэмдэглэж ирсэн уламжлалтай. 
Соёл, урлагийн бодлогын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Сэргэлэн ярихдаа, “Дэлхийн номын өдөр”-ийн үйл ажиллагаанд Монгол Улс сүүлийн 10-аад жил нэгдэн орсон. Энэ жилийн онцлог нь БСШУСЯ, Монголын хэвлэх үйлдвэрүүдийн холбоо, Монголын зохиолчдын эвлэлтэй хамтран ажиллах санамж бичгийг байгууллаа.  Мөн зөөврийн номын сангийн үйлчилгээг “Номтой автобус” төсөлтэй хамтран зохион байгуулж буйгаараа онцлогтой. "Номтой автобус" Хөвсгөл-Улаанбаатар, Улаанбаатар-Хөвсгөл чиглэлийн зорчигчдод үйлчилнэ. Ингэснээр аян замд явж буй хүмүүст ном унших боломжийг олгож буй юм. Ард түмэн маань өдөр бүр номоор цэнэглэгдэж, ухаажиж, амьдралд хандаж буй хандлага нь илүү гэрэл гэгээтэй болоосой гэж Дэлхийн номын өдөрт зориулсан энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон зохион байгуулж байна. Сүүлийн үед хүмүүс хоорондоо харьцах болон хэвлэсэн номтой харьцахаасаа илүү техник рүү чиглэж байна. Тиймээс номын баяраар дамжуулан ялангуяа хүүхэд багачуудын номтой харьцах харьцааг илүү ойртуулж байна” гэв.

Өдөрлөгт “Мөнхийн үсэг”, “Нэпко”, “Монсудар”, “Соёмбо принтинг” зэрэг хэвлэх үйлдвэрээс гадна хэвлэн нийтлэгчид, зохиолчид, номын санчид, уншигчид оролцож байгаа юм. Мөн энэ үеэр хуучин номын худалдаа өргөнөөр дэлгэжээ. Үнийн хувьд 1000 төгрөгөөс 200 мянган төгрөгийн хооронд худалдаалж байв. Тухайлбал, шинэ хэвлэлтийн номнууд дэлгүүрийн үнээс 5-10 мянган төгрөгөөр хямд байгаа бол хуучин хэвлэлтийн номуудыг дунджаар 1000-аас 20 мянган төгрөгөөр худалдаж байв.   
Ж.Болор

Гэрэл зургийг Т.Чимгээ

Холбоотой мэдээ