Отор нүүдэл Дорноговийн нутгаад чиглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2015-11-27 14:54:13

Дундговь аймгийн нийт нутаг цасан бүрхүүлтэй болж, зарим сумын малчид цасны нимгэн бараалан нүүж эхэлсэн байна. Малчдын зорих газар нь Өмнөговь, Дорноговь аймгийн нутаг болж байгаа ажээ.

Жишээлэхэд, Гурвансайхан сумын нутгаад замын цас хагараагүй, зарим хэсэгтээ тохой хэрийн зузаан цастай болсныг малчид хэлж байна. Таван удаа орсон цас шуураагүй тул илүү хунгарласан байдалтай болжээ.

Тус сумын хувьд 180 мянган толгой малтай. Одоогийн байдлаар 40 гаруй малчин өрх 60 гаруй мянган малтай өөрийн аймгийн Өлзийт, Хулд, Луус, Дэлгэрхангай сумын нутаг оторлож байна. Эхний цастай зэрэгцэн отор нүүдэл ихэссэн бөгөөд  отор нүүдэл одоо  өөрийн аймгаас гарах  чигтэй болжээ.

 Ихэвчлэн Дорноговь аймгийн Сайхандулаан, Мандах, Хатанбулаг сумын нутагт оторлохоор болж байна. Эдгээр сумтай отрын гэрээ хийгээгүй байгаа. Малчдын нүүдэл тийш чиглэж эхлээд байгаа тул ойрын хугацаанд дээрхи сумдтай отрын гэрээ хийнэ гэж Гурвансайхан сумын Засаг дарга Д. Төмөртогтох хэллээ.

Тус сум урьд оны үлдэгдэл өвсөн дээрээ нэмж шинээр татсантай нийлээд 1500 боодол өвстэй, тэжээлийн нөөцгүй байсан. Өнөөдрийн байдлаар өвс нь зарагдаж дуусчээ. Одоо аймгийн нөөцөд хадгалагдаж байгаа урьд оны өвснөөс 1000 боодлыг, 50 тн тэжээлийн хамт авахаар төлөвлөж байгаа гэж сумын Засаг дарга хэлж байна.

Дундговь Т. Отгонтуяа

Холбоотой мэдээ