Жаахан шарга театрын дөрвөн уран бүтээлч “Гэгээн муза” наадамд нэр дэвших эрхээ авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-04-09 14:42:36
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза 14” наадамд “Жаахан шарга” хөгжмит жүжгийн театрын уран бүтээлчид дөрөв дэх удаагаа нэр дэвшин оролцож байна. Тус наадмын драмын жүжгийн төрөлд Ч.Ойдовын зохиол "Далан худалч" жүжгээр өрсөлдөж байгаа аж.

Тодруулбал, шилдэг найруулагчид "Жаахан шарга" ХЖТ-ын найруулагч СТА З.Далай, шилдэг зураачид "Жаахан шарга" ХЖТ-ын ерөнхий зураач СТА С.Гантулга, шилдэг эмэгтэй туслах дүрд "Жаахан шарга" ХЖТ-ын жүжигчин Д.Болортуяа, шилдэг эрэгтэй туслах дүрд "Жаахан шарга" ХЖТ-ын жүжигчин Б.Сүхчулуун нар нэр дэвших эрх авсан байна. Найруулагч З.Далай 2016 онд "Гэгээн тамлан" жүжгээр, зураач С.Гантулга, жүжигчин Д.Болортуяа нар 2014 онд "Муурын байшин" жүжгээр тус бүр "Гэгээн муза"-гийн эзэд болж байсан юм.

"Далан худалч" жүжиг нь "Гэгээн муза" наадмын драмын жүжгийн төрөлд орон нутгийн театруудаас өрсөлдөж буй ганц жүжиг юм. Тус төрөлдөө Улсын драмын эрдмийн театрын гурван жүжиг, Улсын хүүхэлдэйн театрын нэг,  Блэк бокс студийн нэг жүжигтэй өрсөлдөх юм байна.
Т.Одончимэг
Холбоотой мэдээ