“Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг 2020 он хүртэл үргэлжлүүлэхээр болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-04-06 10:51:12
Өвөрхангай /МОНЦАМЭ /.  2014-2017 онд хэрэгжиж дууссан “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийг аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаан, Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцэн үргэлжлүүлэхээр боллоо.
“Хөтөлбөрийг үр дүн гараагүй гээд сунгаж байгаа юм биш, гарсан үр дүнг илүү өргөжүүлэх, сайжруулахын тулд үргэлжлүүлж байгаа юм. Жишээ нь архинаас хамааралтай иргэдээ эмчлээд эрүүлжүүлчихлээ, гэтэл тэднийг хүлээж авах ажлын байр, тусламж үзүүлэх сэтгэл заслын төв алга. Тиймээс энэ удаа хөтөлбөрийг үргэлжлүүлэхдээ тодорхой хоёрхон зорилт дэвшүүлээд 2020 он хүртэл хэрэгжүүлэх юм” хэмээн аймгийн Хууль зүйн хэлтсийн дарга А.Отгонцэцэг хэлэв.  Тухайлбал, Аж ахуйн нэгж, байгууллагын ажлын байран дахь архидалттай тэмцэх, Наркологийн төвд эмчлүүлээд гарсан хүмүүсийг нийгэмшүүлэх чиглэлд онцгой анхаарч ажиллах юм.
Өнгөрсөн жилүүдэд “Архидалтгүй Өвөрхангай” хөтөлбөрийн хүрээнд хэд хэдэн томоохон ажил хэрэгжүүлсэн байна. Архи хэтрүүлэн хэрэглэгч хүмүүст наркологийн тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор Сэтгэц наркологийн тасгийг 12 хүний ортойгоор байгуулсан ба 2015 оноос хойш нийт 291 иргэнд хордлого тайлах болон сэтгэл заслын тусламжийг үзүүлж, 100 гаруй хүн бүрэн эдгэсэн гэх дүн мэдээтэй байгаа аж. Архины хамааралтай иргэдтэй тулж ажиллах, төрийн албан хаагчдаас бүрдсэн “Мэргэжлийн баг”, төрийн бус байгууллагуудаас бүрдсэн “Аддиктологийн баг”-ийг сум бүрт байгуулж, гишүүдийг чадавхжуулах сургалтыг байнга зохион байгуулж байна.
Аймгийн ИТХ-ын тогтоолоор “Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөл олгох, цуцлах, хяналт тавих журам”-ыг батлан баасан гараг бүрт архи, согтууруулах ундаа худалдахгүй, үйлчлэхгүй байх шийдвэр гаргасан нь гэмт хэрэг, зөрчлийг бууруулахад тодорхой үр дүн үзүүлжээ.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ