“Номын сайн нөхөр” үнэмлэхтэй болох санаачлага гаргав

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2018-04-04 19:46:20
Дорнод /МОНЦАМЭ/ Дорнод аймгийн Засаг даргын Тамгын газраас Ардын уран зохиолч, төрийн хошой шагналт Цэндийн Дамдинсүрэнгийн дүрстэй тэмдэг бүхий “Номын сайн нөхөр” үнэмлэх бий болгох санаачлагыг гаргаад байна. Одоогийн байдлаар төслийн хэмжээнд байгаа бөгөөд иргэд олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнүүлж, санал хураах юм байна.   

Хүүхэд залуусыг номтой нөхөрлүүлэх, аймгаас төрөн гарсан эрдэмтэн мэргэд, зохиолчдын бүтээлтэй танилцуулах зорилготой “Номын сайн нөхөр” үнэмлэх, тэмдэгийг нэгээс гуравдугаар зэрэгтэй байхаар төлөвлөж байгаа аж. Зэргийн үнэмлэх олгох шалгуур үзүүлэлт болон болзлыг хүүхэд, оюутан залуус, насан хүрэгчдийн насны онцлогт тохируулан боловсруулж, баталгаажуулах ажлыг тус аймгийн БСУГ хариуцах юм. Дээрх тэмдгийг жил бүрийн 5 дугаар сард Монголын үндэсний бичиг үсгийн баярын өдрийг тохиолдуулан гардуулж байхаар төлөвлөжээ. Саналыг энэ сарын 20 хүртэл авна гэж тус аймгийн ЗДТГ-аас мэдээлэв. 

Энэ онд их зохиолч, эрдэмтэн Ц.Дамдинсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ