Анкарагийн террористуудад зэвсэг нийлүүлсэн тухай бичсэн сэтгүүлчдийг баривчилжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-27 10:15:28

АНКАРА. /TASS/. Туркийн “Бүгд Найрамдах Улс” гэдэг сонины ерөнхий редактор Жан Дюндара, сурвалжлагч Эрдем Гюль нарыг Сири дэх “Лалын улс” бүлэглэлийн босогчдод Туркийн эрх баригчид зэвсэг нийлүүлсэн тухай нийтлэл бичсэнийх нь төлөө баривчилжээ. Энэ тухай “Dogan” агентлаг мэдээлсэн байна.

Хоёр сэтгүүлчийг Туркийн эрх баригчид террорист байгууллагуудын үйл ажиллагаанд оролцсон, мөн тагнуул хийсэн хэрэгт буруутгажээ. Тэднийг баривчлах болсон шалтгаан нь энэ оны зун нийтлэгдсэн Туркийн хүчнийхэн Сири дэх террористуудад зэвсэг нийлүүлсэн талаар бичсэн нийтлэл болсон байна.

Сири рүү зэвсэг тээвэрлэж байсан гэх үндэсний тагнуулын албаны ачааны машинуудыг шалгасан нь шуугиан дэгдээж байгаа тухай нийтлэлийг нийтэлснийх нь төлөө “Бүгд Найрамдах Улс” сонины ерөнхий редактор болох нэртэй сэтгүүлч Жан Дюндараг Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоган шүүхэд өгсөн тухай тус сонин энэ оны зургадугаар сард мэдээлжээ. Эрдагон сэтгүүлчид насаар нь хорих ял оноохыг шаардсан байна. Тэрбээр шүүхэд гаргасан гомдолдоо уг нийтлэл нь “бодит байдалд нийцэхгүй” бөгөөд нийтлэлийг бичихэд цуглуулсан мэдээллүүдийг “гуйвуулсан” гэж цохон тэмдэглэжээ. Үүнээс гадна, Туркийн Ерөнхийлөгч Дюндараг тагнуул хийсэн болон улсын нууцыг задруулсан хэрэгт буруутгасан байна.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ