Гудамж төсөл дээр ажилласан жолооч нар цалингаа авч чадахгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-11-27 08:56:03

Увс аймгийн Улаангом суманд энэ жил хэрэгжсэн Гудамж төсөл болон Үзүүрийн булагаас Завхан аймгийн Сонгино сум хүртэлх 135 км автозам барихад ажилласан жолооч нар цалингаа авч чадахгүй байна.

Энэ бүтээн байгуулалтын ажилд БНХАУ-ын  “Шинжиан шинпан” компани ажиллаж байгаа бөгөөд эднийх Улаанбаатар хот, Увс аймаг болон зэргэлдээх аймгуудын хүнд даацын автомашинтай 100 гаруй жолоочийг гэрээгээр авч ажиллуулжээ. Энд Увс аймгийн 30 гаруй жолооч өнгөрсөн 4 дүгээр сараас ажилласан бөгөөд ажил эхэлж байхад 2 сая төгрөгийн урьдчилгаа авснаас хойш ямар ч цалин мөнгө аваагүй байна. Иймээс амьдрал хэцүүдлээ, цалингаа авъя, хэрвээ өгөхгүй бол ажил хаяна гэсэн асуудлыг аймгийн Засаг даргад тавилаа. Эдгээр жолооч нар нь өнгөрсөн 8 сарын хугацаанд тус компанид өглөөний 5-аас үдшийн 23 цаг хүртэл тасралтгүй ажиллаж иржээ.

“Гудамж төслийн 7.4 сая төгрөгийн санхүүжилт орж ирэхгүй байгаа учраас цалин мөнгөө авч чадахгүй байна. Биднээс гадна бензин тос, хоол ундны үйлчилгээ үзүүлсэн орон нутгийн олон компани төлбөрөө авч чадахгүй байна. Хэрвээ мөнгө ороод ирвэл биднээс гадна эдгээр хүмүүс, Увс аймгийн олон хүн мөнгө төгрөгтэй болох юм” хэмээн жолооч нар ярьж байлаа.

Том оврын автомашины жолооч нар цалингаа авахыг шаардаж ажил хаяж байгаа явдал хоёр дахь удаагийнх аж. Эдгээр жолооч нар 2008 онд эхлэсэн Тээл-Үзүүрийн булаг чиглэлийн 205 км автозам дээр мөн тус компанитай гэрээ байгуулан ажиллаж байжээ.

Увс аймаг Б.Батхүү

Холбоотой мэдээ