Малын шүлхий, хүний хорио

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2018-04-02 10:35:14
Улсын хэмжээнд  8 аймгийн 23 сум, нэг дүүрэгт малын шүлхий өвчний хорио цээрийн дэглэм үйлчилж байна. Ер нь 2018 он гарсаар 12 аймгийн 33 суманд малын шүлхий өвчин гарч 4600 толгой мал устгалд оруулжээ.  Шүлхий Сүхбаатар аймгаас эхлээд Өвөрхангай хүртэл өргөн уудам нутгийг хамарсан байх юм  Уг нь шүлхийн эрсдэлтэй бүсэд монгол нутгийн зүүн  болон говийн бүс багтдаг. Гэвч энэ жилийн хувьд тухайн бүс нутгийн хилийн дээсийг алхаж нутгийн гүн руу шилжсэн гэж хэлж болно. Өвөрхангай аймгийн хувьд 1963 онаас хойш 55 жил шүлхий гараагүй байсан байна. Харин 2018 онд тус аймгийн төв Арвайхээр суманд гарлаа. Энэ нь шүлхий өвчний эрсдэлийг урьдын адил  зөвхөн зүүн болон говийн бүс гэж хязгаарлах боломжгүй болж байгааг харуулав бололтой.

Малын энэ төрлийн өвчинд эмчилгээ хийдэггүй. Гарсан нөхцөлд өвчилсөн малыг бусдаас нь тусгаарлаж устгалд оруулдаг онцлогтой. Харин эрүүл малыг вакцинжуулдаг. Вакцин дотроо амьтай амьгүй гэж хоёр янз байна. Амьгүй вакцинаар тарьсан малын махыг 14 хоногийн дараа хүнсэнд хэрэглэх боломжтой гэж үздэг. Харин амьтай вакцин хийлэгсэн тохиолдолд 28 хоног болоод өвчний аюул бүрэн зайлдаг гэж мал эмнэлгийн шинжлэх ухаан үздэг гэнэ.  Вакцины энэ үечлэд тохируулж хорио цээрийн дэглэм тогтоодог, бас татан  буулгадаг хууль, журам үйлчилж байгаа. Мөн шүлхий хүнд тусдаггүй онцлогтой гэж мэргэжилтнүүд ярих юм.

Тэгвэл яагаад хорио цээрийн дэглэм тогтоож, голомтод устгал явуулж дээр доргүй хөдөлж, хөрөнгө мөнгө зараад байна  вэ гэсэн асуулт урган гарч ирнэ. Монгол улс олон улсын худалдааны байгууллагын гишүүн орон юм. Олон улсын энэ байгууллагын гишүүн орнууд  өөрийн орны нутаг дэвсгэрт гарсан мал, амьтаны шүлхий өвчний талаар бүрэн мэдээлэх үүрэг хүлээдэг юм байна. Энэ үүргийнхээ  дагуу зайлашгүй мэдээлэх шаардлага гардаг гэнэ. Мэдээлэгдсэн тохиолдолд хорио цээрийн дэглэм тогтоож ажилладаг хууль,  журам үйлчилнэ. Шүлхийнээс хамгаалах гол хэрэгсэл нь вакцин.

Малын шүлхийний вакциныг маш өндөр хэмжээнд битүүмжлэгдсэн орчинд үйлдвэрлэдэг өөрийн онцлогтой. Ийм орчинд үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг манай улс худалдан авч  чадаж байна уу гэдэг дээр мал эмнэлгийн мэргэжилтнүүд маш их эргэлздэг юм байна. Эргэлзэхээсч араггүй байдал амьдралд бий болжээ.  Энэ зууны босгийг  алхаад манай улс малын шүлхийтэй хөөцөлдсөн байна. Тэр тоолон вакцин оруулж ирж тарьсан юм билээ. Гэвч үр дүн төдийлөн гараагүй гэнэ. Вакцины үр дүн гарахгүй байгаа нь түүний худалдан авалтын үйл ажиллагаанд эргэлзэх эргэлзээг улам бүр лавшруулаад байдаг бололтой.

Шүлхий өргөн хүрээтэй тархаж эхэлсэн 2000 оны эхээр шүлхийтэй зээр хил давж орж ирсэн нь энэ өвчин дэлгэрэх гол шалтгаан болж байна гэж үздэг байсан билээ. Дараа нь салхиар тардаг гэж баахан шуугсан юмдаг. Салхиар тараад байна гэдгийг мал эмнэлгийн шинжлэх ухаан одоо болтол тогтоогоогүй гэнэ. Харин шүлхий гарсан голомтоос 70 км цаана шүлхий гарсан тохиолдол нэлээд дээр үед бүртгэгдэжээ. Хоёр голомтын хороонд ямар амьтан гүйв гэдэг талаар тухайн үед судалж үзсэн боловч хүн мал, амьтан нэвтгээргүй  болох нь тогдорхой болсон  гэнэ. Түүнийг түшиглэн шүлхий салхиар  тархадаг байх магадлалтай гэж номонд тэмдэглэгджээ. Тэр нь салхиар  шүлхий тардаг гэсэн ойлголтыг бий болгосон гэж энэ салбарын зарим нэг мэргэжилтэн үзэх юм.

Энэ жилийн Булган, Өвөрхангай, Архангай аймагт гарсан шүлхийг зүүн бүсээс өвс тээврэлсэн нь ийм байдалд хүргэлээ гэсэн таамаглалыг албаныхан дэвшүүлж байгаа. Энэ бүхнээс аваад үзэхэд шүлхий тарахдаг эх үүсвэргийг  бид өнгөрсөн хугацаанд эзэн биегүй зүйлээс эрж хайж байжээ. Тухайлбал хээрийн салхи, зээрийн сүрэг, хадсан өвс  гол буруутан байх юм. Тэдэнд хэрэг хүлээх, хариуцлага хүлээлгэх ямарч боломжгүй. Харин шүлхий үүсгэгч вирус, мэдэрч хүлээн авдаг, өвчилж сэдэрч, илэрдэг амьд организм мал, амьтан байна. Түүнээс урьдчилан сэргийлэх вакцин арга технологи, өвчин  гарсан тохиолдолд устгал хийдэг хууль, дүрэм, заавар цөм байна. Гэвч шүлхий хүрээгээ тэлсээр байх жишээтэй.

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд  шүлхий гарлаа. Энэ бүс нутгийн малд 2017 оны хавар, намар, 2018 он гараад шүлхийний вакцин гурван удаа хийсэн гэнэ. Гэвч голомт нь арилсангүй. Энэ бол экспортийн вакцины  чанар, чансаанд эргэлзэж байгаа энэ салбарын зарим мэргэжилтнүүдийн байр суурийг бүр лавшруулаад орхилоо. Одоо малд вакцин хийгээд шүлхийг дарж  чадахгүй нь тодорхой боллоо. Иймд шүлхийн голомтыг устгах найдвартай “ганц арга” нь Мал эмнэлгийг  “шүлхийгээс урьдчилан сэргийлэх” вакцинд хамруулах явдал.

Шүлхийн халдвар, тархалт, вакцины сонголт өнгөрсөн хугацаанд ямар байсныг эргэн харах эрх хэнд байна. Түүнд үүргээ биелүүлэхийг үүрэг болгооч гэж шүлхийний хорионд орж хаширсан иргэд хэлж байна. Иргэдийн ярьж байгаас үзвэл шүлхий малд хүндрэл учруулахаас илүү тухайн бүсэд хөл хорио тогтоож,  хүний амьдрал ахуйд нь  асар их дарамт болдог байна. Малын шүлхий,  хөл хорио, 21 дүгээр зуун, Монгол Улс...                                                                Г. Эрдэнэбат

Холбоотой мэдээ