Эрчим хүч, боловсролын салбарт хандсан иргэдийн гомдол багасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-28 13:26:48
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын дарга нарын ээлжит шуурхай хуралдаан хуралдаж, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвд ирж буй гомдол, мэдээлэлтэй танилцлаа. Өнгөрсөн долоо хоногт тус төвд өөрийн биеэр болон  70321111 утсаар 44 иргэн холбогдож, асуудлын шинжтэй өргөдөл ирүүлсэн байна.
Тухайлбал, аймгийн Онцгой комисст 20, Арвайхээр сумын ЗДТГ-т 11, Онги ус суваг ОНӨҮГ-т дөрөв, БОЭТ-д хоёр болон ХХААГ, ХХҮГ, Цагдаагийн газар, Эрүүл мэнд, даатгалын хэлтэс, Богд сумын ЗДТГ, Холбооны газар зэрэг байгууллагуудад тус бүр нэг иргэн хандаж санал хүсэлтээ илэрхийлжээ. Нийтийн тээвэр, хог, нохойны талаар дорвитой арга хэмжээ авч өгөхийг иргэд дахин хүслээ.
Мөн шүлхийн голомтот бүсэд байгаа айл өрхүүдээс хүнс, түлээ түлшээр тасарч амжиргааны асуудал хүнд байдалд байгаа, хүүхдүүд хичээл сурлагаасаа хоцорч, малаа бүрэн усалж, бэлчээрлүүлж чадахгүй байгаа талаар мэдүүлсэн байна. Хорио цээрийн дэглэмийн хүрээнд шатахуун түгээх станцуудын үйл ажиллагааг түр хаасан ч цахим хуудсаар “бензин зарна” гэх зар их байгааг, мөн дэлгүүр худалдааны төв хаалттай байхад согтуу хүн их байгааг шалгаж өгөхийг хүссэн иргэд цөөнгүй байлаа. Цагдаагийн ёс зүй, харилцаа хандлага муу байгаа талаар ч иргэдээс гомдол иржээ.
Иргэдийн гомдол, санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад уламжилж, хандалтын 40 асуудлыг буюу 90 хувийг шийдвэрлэн иргэдэд хариу өгөөд байна. Мэдээлэлтэй холбогдуулж аймгийн Засаг дарга хэлэхдээ “Эрчим хүч, боловсролын салбарт байнга гомдол ирдэг байсан нь сүүлийн үед харьцангүй багассан байна. Энэ бол шуурхай хурал хийгээд байгаагийн зорилго, үр дүн гэж үзэж байгаа. Эрчим хүчний байгууллагаас иргэдийн гомдолтой холбогдуулан байцаагчиддаа дорвитой арга хэмжээ авч байгаа юм билээ. Үүнийг би зөв гэж бодож байна. Айлын цахилгаан хэрэгсэл шатахад хариуцах хүнгүй, иргэд олон жил хохирсоор ирсэн. Энэ асуудлыг цэгцэлж байгаад талархаж байна. Хүүхдээс мөнгө төгрөг татдаг тухай гомдол, санал боловсролын салбарт байнга ирдэг байсан нь эрс багассан. Тухайн салбар, байгууллагын удирдлагууд энэ асуудалд ач холбогдол өгч, тодорхой ажил зохион байгуулсаны үр дүн гэж бодож байна” гэв. Харин ус түгээх байртай холбоотой санал, гомдол тасрахгүй байгаад анхааралтай хандахыг Онги ус суваг ОНӨҮГ-ын дарга О.Лхагвасүрэнд, малын сэг зэм устгалын ажлыг Нийтийн хамарсан ажил зохион байгуулах хөтөлбөртэй уялдуулан хуваарь гаргаж хийхийг ХХААГ-ын дарга С.Цэдэнбалжирд үүрэг болголоо.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ