Барилга барихаас өмнө инженерийн шугам сүлжээг шийдэх шаардлагатай гэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-03-24 22:21:54

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн хэмжээнд сүүлийн жилүүдэд барилга байгууламжууд олноор баригдаж байгаа юм. Гэвч барилга барихаас өмнө газар доорх инженерийн шугам сүлжээний асуудлыг эхний ээлжинд шийдвэрлэх шаардлага үүсээд байгааг бизнес эрхлэгчид өнөөдөр болсон "Бизнес форум Өлгий-2018" хэлэлцүүлгийн үеэр аймгийн удирдлагуудад сонордууллаа.



Жишээлбэл, "Көшелик" компанийн захирал Х.Мүпти: "Хотын замыг сайхан засаад явчихна. Гэвч барилга барьсан хүмүүс бохир, цэвэр ус, дулааны шугам татахын тулд зассан замыг дахиад сэтэлж эхэлдэг. Тийм учраас хөгжлийн бодлого төлөвлөлтийг тодорхой болгож, аливаа ажлыг дэс дараатай зохион байгуулах шаардлагатай байна. Мэргэжлийн байгууллагууд бүх юмыг урьдчилан тооцоолж зөвшөөрөл олгох хэрэгтэй. Түүнчлэн манайд шинээр баригдсан барилга байгууламжууд үзэмжийн хувьд шаардлагын хэмжээнд хүрэхгүй байна" гэв.



Мөн "Акбоар" компанийн захирал Р.Төлеу орон нутгийн үйлдвэрүүдийг бодлогоор дэмжиж, аливаа бүтээн байгуулалтын ажлыг хийх явцад тус аймагт үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүдийг түлхүү ашиглах, гаднаас авахгүй байхыг хүслээ. Тэрбээр хэлсэн үгэндээ: "Би барилгын материал үйлдвэрлэгч хүн. Бизнесменүүдийн, ард иргэдийн олсон мөнгө Хятадын зах зээл рүү урсаж байна. Бид чулууны үйлдвэр бариад 4-5 жил болсон. Гэвч уг үйлдвэрийг орон нутгийн удирдлага, төр засаг дэмжихгүй байгаа. Орон нутагт үйлдвэрлэж буй плита, гантиг чулуу зэрэг барилгын материалуудыг шинээр баригдах барилгын зураг төсвийг гаргуулахдаа  тусгаж  өгөх хэрэгтэй. Тухайлбал, энэ жил аймгийн төвд баригдах гэж байгаа 8 км авто замын бордерийг Баян-Өлгийн хоёр чулууны үйлдвэр нийлүүлэх бүрэн боломжтой"  хэмээлээ.



Үүнтэй ижил саналыг "Файннос" компанийн ерөнхийлөгч С.Хыдырпатша хэллээ. Тэрбээр Баян-Өлгий аймагт нэг ноос угаах, самнах үйлдвэр, таван эсгийний үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа ч Тайкешкен боомтоор дамжин Хятадаас эсгий орж ирж байгааг шүүмжилсэн юм.

Аймгийн удирдлагууд бизнесменүүдээс гарсан саналуудыг нэгтгэн дүн шинжилгээ хийж, цаашид үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажиллахаа илэрхийллээ.

Ө.Нурболат

         

Холбоотой мэдээ