Д.Мандах: Гадаадын хөрөнгө оруулагчид оршин суух зөвшөөрлийг 3 жил хүртэл хугацаагаар олгодог

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
gantuya@montsame.mn
2018-03-20 19:16:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад хөрөнгө оруулахаар сонирхож байгаа болон хөрөнгө оруулагч гадаадын иргэдэд зориулан Гадаадын иргэн, харьяатын газрын Виз зөвшөөрлийн газрын мэргэжилтэн Д.Мандахаас зарим асуудлаар тодруулга авлаа. 

-Монгол Улсад хөрөнгө оруулагч гадаадын иргэн гэж хэнийг хэлдэг вэ?

-Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухайн хуулинд хөрөнгө оруулагч гадаадын иргэн гэж Монгол Улсад хөрөнгө оруулж буй гадаад улсад амьдарч байгаа Монгол Улсын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улсын иргэний харьяалалтай хүн гэж тодорхойлсон байдаг. Мөн хөрөнгө оруулалтын тухай хуулинд хөрөнгө оруулагчийн тодорхойлолт, түүний эрх үүргийг тодорхой заасан.

-Тэгвэл эдгээр иргэнд ямар ангиллын виз, ямар журмаар олгодог вэ?

-Монгол Улсын хилээр нэвтрэх зорилгоос нь хамаарч гадаадын иргэнд 11 ангиллын виз олгодог. Тухайлбал, албан хэргээр, хөрөнгө оруулагч, суралцах ,аялал жуулчлал, хувийн гэх мэт. Хөрөнгө оруулагчийн тухайд бол  “T” ангиллын визээр Монгол Улсад ирнэ.  Энэхүү “Т” ангиллыг визийг гадаадын хөрөнгө оруулагч болон гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж, түүний салбар, төлөөлөгчийн газарт ажиллах удирдах албан тушаалтанд Засгийн газраас баталсан 338 дугаар тогтоол “Монгол Улсын виз олгох журам”, 340 дүгээр тогтоол  “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам” –ын дагуу олгодог.

-Гадаадын хөрөнгө оруулагчдад танай байгууллагын зүгээс ямар шаардлага тавьдаг вэ? Хөрөнгө оруулалтын виз болон оршин суух зөвшөөрөл хүсэхдээ юуг анхаарах вэ?

-Ер нь аль ч улс хөрөнгө оруулагч нарт ажлын байр бий болгох, хөрөнгө оруулалт бодитой байх, татвар төлсөн байдал гэсэн үндсэн шаардлагуудыг тавьдаг. Уг жишгийн дагуу манай байгууллагын үндсэн шаардлага Монгол Улсад оруулж буй хөрөнгө оруулалт нь бодитой, ажлын байр бий болгосон, татвар төлсөн байдал зэрэг дээр төвлөрдөг. Энэ бүхнийг Засгийн газраас баталсан “Монгол Улсын виз олгох журам”, “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух болон түүнийг бүртгэх журам” –аар зохицуулдаг.

Гадаадын иргэн хөрөнгө оруулагчийн виз, оршин суух зөвшөөрөл хүсэхдээ нэн тэргүүнд бичиг баримтын бүрдлийг сайтар хангасан байх ёстой. Мөн эрх бүхий байгууллагаас олгодог аливаа зөвшөөрөл, баримт бичгийг уригч этгээд засварласан, хуурамчаар үйлдсэн, бүрдүүлсэн эсэхийг шалгах хэрэгтэй. Та бүхэн бүрдүүлэх материалын жагсаалтыг манай байгууллагын албан ёсны цахим хуудас http://www.immigration.gov.mn болон 1800-1882 дугаарын утсаар лавлаж болно.

-Монгол Улсын Засгийн газраас гадаадын хөрөнгө оруулалтыг  татах чиглэлд анхаарч дэмжиж ажиллахаа мэдэгдсэн. Тэгэхээр гадны хөрөнгө оруулагчдад визийн хөнгөлөлт байдаг уу?

-Хөрөнгө оруулагч нь бусад ангиллын визийг бодвол арай урт хугацаагаар оршин суух зөвшөөрөл авдаг. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 2016 оны нэмэлт өөрчлөлтийн дагуу холбогдох байгууллагаас олгосон зөвшөөрөл, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, татвар төлсөн байдал, түрээсийн ажлын байрны гэрээ, ажлын байрны тоо зэргийг үндэслэн Монгол Улсад оршин суух зөвшөөрлийг 3 жил хүртэл хугацаагаар олгож, сунгаж байгаа.

Мөн манай байгууллага 2017 оноос олон улсын жишигт нийцсэн “Цаг товлох үйлчилгээ”-г хөрөнгө оруулагч нарт зориулж шинээр нэвтрүүлсэн. Ингэснээр бид төрийн үйлчилгээг хөнгөвчилсөн буюу гадны иргэдийн цаг завыг хэмнэх, аливаа чирэгдлийг багасгасан. Дэлхий нийт ч цахим хурд, технологийн дэвшлийг ийнхүү ашиглаж байна шүү дээ.

-Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд унаж байсан ч эргээд сэргэх хандлага ажиглагдаж байна. Сүүлийн үеийн статистик, тоон мэдээллээс дурьдвал?

-2016-2017 онуудад хөрөнгө оруулалтаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэдийн тоо өссөн. Тухайлбал, Хөрөнгө оруулагчаар оршин суух зөвшөөрөлтэй гадаадын иргэн 2016 онд 967 байсан бол 2017 онд 1121 болсон байна. Оршин суух зөвшөөрлийн сунгалт 2016 онд 2178 бол 2017 онд 2565 болж тус тус өссөн үзүүлэлт харагдаж байна.

-Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх, үүрэгтэй холбоотой нэмж анхааруулж хэлэх зүйл байна уу?

-Оршин суух зөвшөөрөл хүсэхтэй холбоотой хэд хэдэн зүйлийг анхааруулж хэлье гэж бодож байна. Хөрөнгө оруулагч гадаадын иргэн нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөл авахдаа Т буюу хөрөнгө оруулагчийн визийн зөвшөөрлөөр орж ирэх ба Монгол Улсад хил нэвтэрсэн өдрөөс хойш ажлын 7 хоногт  бүртгүүлж, хуанлийн 21 хоног дотроо оршин суух зөвшөөрлөө авдаг. Оршин суух зөвшөөрлөө сунгуулахдаа хөрөнгө оруулагч өөрийн биеэр ирэх эсвэл өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөө явуулж болно. Оршин суух зөвшөөрлийн хугацааг сунгахад тухайн гадаадын иргэний татвар төлсөн байдал, аж ахуй нэгжийн үйл ажиллагаа явуулж байгаа эсэхийг хянаж үзээд, шаардлагатай тохиолдолд үйл ажиллагаа явуулах албаны байр, хөрөнгө оруулалт нь тус улсад бодитойгоор орсон эсэхийг харгалзан оршин суух зөвшөөрлийн хугацааг тодорхой шийдвэрлэх тохиолдол байдаг.

Мөн хөрөнгө оруулагч нь тодорхой үйл ажиллагаа явуулдаггүй, татвар төлөхөөс зайлсхийсэн болон бичиг баримт хуурамчаар үйлдсэн бол оршин суух зөвшөөрлийн хугацааг хүчингүй болгох үндэслэл болдгийг анхаарах хэрэгтэй .
Н.Туяа
Холбоотой мэдээ