Мөнгөний “одоо үе” ба блокчайн технологи хөгжүүлэгчдийн эрин

ТОЙМ
altankhuyag@montsame.mn
2018-03-20 14:55:51
Анх хүн төрөлхтөн нийгэмшиж хоорондоо худалдаа наймаа хийх болсон цагаас “мөнгө” гэсэн ойлголт бий болсон. Хэдий удаан хугацааны туршид тухайн цаг үед  мөнгө л бүхнийг зохицуулагч гол хүчний нэг байсан билээ. Эрт цагаас металл, зоосон мөнгийг хэрэглэж байсан ч жин ихтэй байсан тул цаасан хэлбэрт шилжүүлсэн. Өдгөө цаасан мөнгө элэгдэж мууддаг чанартай тул хэдийн цахим хэлбэрт шилжээд байна. Энэ нь мөнгөний “одоо үе” гэж судлаачдын дунд нэрлэгдэх хэмжээнд хүрчээ.

Уоррен Баффет нэгэнтээ “Нэгдүгээр дүрэм: Хэзээ ч мөнгөө битгий алд. Хоёрдугаар дүрэм: Нэгдүгээр дүрмийг хэзээ ч бүү март” хэмээсэн нь бий. Магадгүй энэ дүрмийг сайтар сахидаг хүмүүст цахим хэлбэрийн гэх криптовалют буюу блокчайн технологи дээр суурилсан алгоритмаас бүтдэг мөнгө хэр эрсдэлгүй вэ гэсэн асуулт гарна. Гэвч цаасан мөнгө ч тийм найдвартай бишийг дээр дурдсан. Аливаа асуудлыг эрсдэл байнга дагаж явдаг ч чадварлаг, туршлагатай бизнесмен шиг байж зөв гарцыг олно.

ТОС КОЙН БУЮУ АЗИЙН ОРНУУДЫН НЭГДЭЛ

Өнөөдөр УИХ-ын гишүүн асан, Монголын Сүмо бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаярын санаачлагаар Азийн орнуудын цахим мөнгө, блокчайн технологи хөгжүүлэгч бизнесменүүдийн уулзалт Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа. Тус уулзалтанд Монгол, Япон, Солонгос, Орос, БНХАУ-ын блокчайн олборлогч бизнесменүүд хүрэлцэн ирэв.



Жишээ дурдвал: AXEV ХК-ны ТУЗ-ын дарга Фунаки Юкихико, Япон Улсын “ТОС инк” ХХК-ны компаны гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцах албаны захирал Такахаши Акихиро, БНХАУ-ын “Куан Шик Юн” ХХК-ны Ерөнхийлөгч Рен Мин Е, “Куан Шик Юн” ХХК-ны Гүйцэтгэх захирал Тан Чин Хай, ОХУ-ын иргэн Григорий, БНСУ-ын “Блок варе жапан” ХК-ны Ерөнхий захирал Шин Дэй Сик нар оролцсон юм.

Тус уулзалтын үеэр япон улсаас гаргаж буй TOS  хэмээх шинэ төрлийн койныг танилцуулж, манай оронд нэвтрүүлэхийн ашиг тус, эдийн засгийн шинэ гарцын талаар хэлэлцэв.

Блокчайн технологид суурилсан цахим мөнгө нь банкны серверт болон бидний “виза карт”-нд тоон хэлбэрээр хадгалагдаж буй цахим мөнгөнөөс ялгагдах гол онцлог нь төвлөрсөн зохион байгуулалт үгүйгээр эзэмшигчид өөрсдөө сүлжээ үүсгэж хоорондоо чөлөөтэй харилцаж байдагт оршдог. Өдгөө дэлхий нийтээр 1300 гаруй криптовалют байгаа боловч үнэ ханшийн өсөлтөөрөө сүүлийн үед олон нийтийн анхаарлыг татаж чадсан нь биткойн гэхэд хилсдэхгүй. Гэвч “Биткойн бол вальют биш, дотоод үнэ цэнэгүй зүйлд хийж буй хөрөнгө оруулалт” гэж UBS банкны захирлуудын зөвлөлийн дарга Аксель Вебер шүүмжилсэн байдаг.



Харин ТОС койн нь үүнээс ямар онцлогтой вэ? Япон Улсын “ТОС инк” ХХК-ны компаны гадаадын хөрөнгө оруулагчидтай харилцах албаны захирал Такахаши Акихирогийн хэлснээр “Тос койны блок үүсгэх хугацаа болон шилжүүлгийн хурд нь Биткойноос 10 дахин хурдан” гэнэ. Мөн тэрээр “ТОС нь цаг тухайд нь өгөгдөлийг түргэн шуурхай боловсруулахыг шаарддаг төлбөрийн системд зориулан хөгжүүлсэн койн юм. Эдгээр койнууд PoW олборлолтын хэлбэрийг ашигладаг. Нийт 6 тэрбум ТОС койн олборлох боломжтой ба энэ нь Биткойноос (21 сая) тооны хувьд илүү гэсэн үг юм” хэмээлээ. Хамгийн сүүлд “Бидний үйл ажиллагааны гол онцлог нь техник технологит суурилсан. Япон бол цахим төлбөрийн систем хөгжиж байгаа хамгийн анхны улсуудын нэг. Цахим мөнгийг техник технологитой холбож чадсан анхны компаниудын нэг нь манайх юм. Японыг үлгэрчлэн дэлхийн олон улсууд энэ чиглэлийг хөгжүүлж байна. иймээс Монгол Улс энэ туршлагыг ашиглан цахим мөнгийг хөгжүүлнэ гэж итгэж байна” гэв. 

Мөн энэхүү асуудлаар УИХ-ын гишүүн асан, Монголын Сүмо бөхийн холбооны Ерөнхийлөгч Д.Кёкүшюзан Батбаяртай техникийн семинарын үеэр уулзаж цөөн асуултанд хариулт авлаа. Тэрээр хурлын үеэр "Азийн орнуудын цахим мөнгө, блокчайн бизнес эрхлэгчдийн холбоо"-ны Ерөнхийлөгчөөр сонгогдсон юм.

-“Азийн орнуудын цахим мөнгө, блокчайн бизнес эрхлэгчдийн холбоо” өнөөдөр Монгол Улсад хурал зохион байгуулж Ерөнхийлөгчөөр таныг сонголоо шүү дээ. Энэ талаар ярихгүй?

-Өнөөдөр цахим мөнгө дэлхийд ноёрхож буй нөхцөлд Азийн блокчайн олборлодог томоохон бизнесмен, компаний уридлагууд манай оронд ирж, энэ талаар санал хүслээ солилцож байгаа нь эдийн засгийн хувьд ч тэр шинэ гарц болов уу хэмээн харж байна. Хүмүүст цахим мөнгөний хэрэглээг зөвөөр ойлгуулах, тэдэнд сурталчилан танилуулах зорилготой ийм сайхан хурал болж таван орны блокчайн бизнес эрхлэгчдийн холбооны удирдлагын саналаар намайг ерөнхийлөгчөөр сонгож байна. Надад маш том хариуцлага ирж байна хэмээн энэхүү албыг хүлээж авлаа.

-Хурлын үеэр танилцуулсан ТОС койны талаар мэдээлэл өгөхгүй юу?

-ТОС нь цаг тухайд нь өгөгдлийг түргэн шуурхай боловсруулахыг шаарддаг төлбөрийн системд зориулан хөгжүүлсэн койн юм байна. Миний хувьд одоогийн блокчайн технологид суурилсан цахим мөнгө, цахим хэрэглэлээс нилээдгүй холдоод удсан байна. Тийм дээ ч бас улс эх орондоо хэрэг зүйл хийхийн тулд нэгэнт барьж авсан энэхүү үйл ажиллагааг цаашид маш сайн хариуцан ажиллана.

-Нийт 6 тэрбум ТОС койн үйлдвэрлэх боломжтой гэсэн шүү дээ. Санхүүгийн эх үүсвэр хаанаас гарч байгаа вэ?

-6 тэрбум ТОС койн үйлдвэрлэхэд эдийн засгийн ямар нэгэн асуудал байхгүй. Японы “Toyota”, Солонгосын “Samsung” зэрэг олон томоохон групп, кампониудын дэмжлэгтэйгээр санхүүгийн асуудал шийдэгдсэн байгаа. Нөгөөтэйгүүр манай улс эрчим хүчний асар их нөөцтэй орнуудын тоонд ордог учраас цахим мөнгөний хэрэглээг нэвтрүүлэх боломжтой гэж би үзэж байна.

БНХАУ-ын “Куан Шик Юн” ХХК-ны Гүйцэтгэх захирал Тан Чин Хай: Энэ төрлийн бизнесийг хөгжүүлэх боломжтой орны тоонд Монгол Улс нэрлэгдэж байна.

-ТОС койн нь бусад цахим мөнгөнүүдээс ямар ялгаатай вэ? Гуравдагч үеийн шинэ блокчайн хэмээн судлаачид үздэг шүү дээ?

-Биткойн 2009 онд анхны цахим мөнгө болж байсан. Жилийн дараа 2 дахь үеийн этериум хэмээх мөнгө боий болсон. Энэ нь концепц болон бизнесийн гэрээг ашиглан блокчайнд өөр функц оруулан гаргасан. Харин дахин 4 жилийн дараа, бодит мөнгө шиг ашиглаж болох 3 дахь үеийн ТОС койн гарч ирлээ. Түүнээс бус одоо байгаа цахим мөнгөнүүд төлбөрийн хэрэгсэл болж чадахгүй байгаа.



-Сүүлийн найман жилийн турш олон төрлийн цахим мөнгө гарч ирсэн ч бодит мөнгө болох түвшинд хүрч чадаагүй. Энэ талаар?

-Энэ үнэн. Цахим мөнгийг нийтийн хэрэглээнд ашиглахын тулд бодит мөнгө шиг банкны картаар үйлчлүүлэгч бүтээгдэхүүн болон үйлчилгээ худалдаж авдагтай адил гүйлгээнд ашиглах хэрэгтэй. Гэхдээ биткойноор гүйлгээ хийхийн тулд нэг л блок үүсгэхэд 10 минут зарцуулдаг нь хугацааны хувьд хэтэрхий удаан. Харин ТОСП нь зах зээл дээр ашиглснаар үйлчлүүлэгч болон бизнес эрхлэгч аль аль талдаа эрсдэлгүй. Хэрэглэгч зөвхөн нэрлэсэн арилжаанаас ТОСП-ыг худалдан авч ТОС-ын төлбөрийн системд ашиглаж болох ба бизнес эрхлэгчид зөвхөн тогтоосон арилжаанд бэлэн мөнгө болгон хөрвүүлж болдог юм билээ.

-Яагаад Монгол Улсыг сонгох болсон бэ?

-Монгол Улсын хувьд эрчим хүчний нөөцөө нэмэгдүүлж чадвал, бүс нутгийн давуу байршлаа ашиглан энэ төрлийн бизнесийг хөгжүүлэх бүрэн боломжтой орны тоонд нэрлэгддэг. Тиймээс хамтран ажиллах саналыг аль аль талаас таатай хүлээж авсан.

ЦААШДАА...

Өнгөрсөн оны зун Монгол Улс “Үндэсний төлбөрийн системийн тухай хууль”-ийг баталсан. Энэ оны эхний сараас хэрэгжиж эхэлсэн уг хуульд цахим мөнгийг “Монгол Улсын мөнгөн дэвсгэрттэй үнэ цэнийн хувьд адилтгах боломжтой байна” гэсэн буй. Сүүлийн жилд л гэхэд үүрэн телефоны компаниудын гаргасан “candy”, “GG” зэрэг нь нэг ёсондоо цахим мөнгө билээ. Харин энэ төрөлд мэдээж блокчайн технологид суурилсан цахим мөнгө орохгүй нь лавтай.

ТОС койны ирээдүйн талаар БНХАУ-ын "Куан Шик Юн" компанийн Гүйцэтгэх захирал Тан Чик Хай "ТОС койныг төлбөрийн хэрэгсэл болгон ашиглах боломжтой учраас та бүхэн кофег ч, машиныг ч энэхүү валютаар худалдаж авч болно. Үнэ нь энэ сарын сүүлээр Япон, БНСУ, БНХАУ, ОХУ, Монгол гээд таван улсад нэгэн зэрэг зарлагдахаар болсон. Биткойнтой харьцуулбал шинээр гарч ирж байгаа ч бидний хувьд олон улсад өөрсдийн цахим мөнгөө таниулах бодлого баримталж байгаа” хэмээн онцолж байв.



Манай орны хувьд говь нутаг салхины нөөцөөр дэлхийд тэргүүлдэг. Нартай өдөр бараг 300 хоног байдаг учир нарны эх үүсвэрээр Сахараас дутахгүй гэсэн үг. Сүүлийн үед сэргээгдэх эрчим хүчний технологид хувьсгалт өөрчлөлт гарч байна. Салхины сэнс нь хүн ихтэй төвлөрсөн газар тохиромжгүй байдаг бол Монголын асар уудам эзгүй газар нь өнөөгийн Калифорни, Өвөр Монголоос дутахгүй олон салхин сэнс байрлуулах бололцоотой. Түүнээс гадна тогтмол гүйдлийг хувьсах гүйдэлд хувиргаад эргүүлж дахин хувиргах технологид амжилт гарсныг үндэслэн эрчим хүчийг алс холд дамжуулах бололцоо буй боллоо.

Ийм учраас эрчим хүчний нөөцийг ашиглан блокчайн технологид суурилсан цахим мөнгөний бизнесийг хөгжүүлэх бүрэн боломжтойг судлаачид онцлож байна. Цаашдаа ч эдийн засгийн хувьд эерэг өөрчлөлт гарах олон давуу тал бийг тус хурлын үеэр төлөөлөгчид онцлон ярьж байлаа.


 
Гэрэл зургийг: Н.Батбаяр
Тоймч: Б.Алтанхуяг

Холбоотой мэдээ