Монгол Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөговь аймагт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2018-03-20 12:15:35
Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Монгол Хятадын хэвлэл мэдээллийн IX форум Өмнөговь аймагт болно Монгол, Хятадын сэтгүүлчдийн IX форум энэ онд Монгол Улсад болно.

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын 2013 онд Бээжин хотноо байгуулсан гэрээнд "Талууд Монгол, Хятадын форумыг жил бүр ээлжлэн зохион байгуулна” гэж заасан. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Зиньпин нар 2015 онд Улаанбаатарт гарын үсэг зурсан тунхаглалд хоёр улсын хэвлэл мэдээллийн харилцан солилцоог улам идэвхжүүлэх, зөвлөлдөх уулзалт, форум зэрэг хамтын ажиллагааг тогтмол зохион байгуулна гэж заасны дагуу Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форумыг хоёр тал ээлжлэн зохион байгуулсаар ирсэн юм. Тэгвэл энэ онд Монголд зохион байгуулагдах Монгол Хятадын хэвлэл мэдээллийн IX форумыг Өмнөговь аймагт зохион байгуулахаар шийдвэрлэжээ. МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр энэ сарын 17-ны өдөр Өмнөговь аймагт ажиллаж, тус аймгийн Засаг дарга Н.Наранбаатартай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. 

Энэ үеэр МСНЭ-ийн Ерөнхийлөгч Х.Мандахбаяр "Монгол Хятадын хэвлэл мэдээллийн форум хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагаа, улс орны хөгжил дэвшил, соёлыг сурталчлах томоохон арга хэмжээ болдог. Форумын арга хэмжээнд Монгол Хятадын сэтгүүлчдээс гадна олон улсын мэдээллийн томоохон агентлагуудын сэтгүүлчид ирж, арга хэмжээг сурталчилдаг. Тиймээс энэ форум Өмнөговь аймагт төдийгүй Монгол Улсад өрнөж байгаа бүтээн байгуулалт, уул уурхайн салбар дахь хөгжил дэвшил, ард түмний амьдралыг олон улсын хэмжээнд сурталчлах томоохон боломжийг бидэнд олгоно” хэмээн онцолж байлаа.
Ч.Ариунболд
Холбоотой мэдээ