Дорнодод ноолуурын үнэ 100 мянган төгрөгийн ханштай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2018-03-19 16:24:33
Дорнод /МОНЦАМЭ/. Энэ хавар Дорнод аймагт ноолуурын ханш 105 мянган төгрөгөөс эхэлж, өнөөдрийн байдлаар нэг кг ноолуур 100 мянган төгрөгийн үнэтэй байна. Энэ жил ноолуурын ханш харьцангуй өндөр үнэтэй эхэлж байгаа учир цаашид ч 20-30 мянган төгрөгөөр өснө гэдгийг ХХААГ-аас мэдээлэв.
Жилийн эцсийн тооллогоор тус аймаг зургаан мянга орчим ямаа тоолуулснаас борлон самнахгүй учир хамгийн багадаа 10 тн ноолуур бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа гэнэ.
Ченжүүд хөдөөгүүр явж, дээр дурдсан үнээс арай хямдаар малчдын гар дээрээс самнасан ноолуурыг нь худалдаж авч байгаа юм. Ингэхдээ ноолуурын өнгө, бохирдол багатай зэргээс шалтгаалан үнэ нь хэлбэлзэж байна. Энэ өвөл Дорнод аймгийн ихэнх нутгаар цас ороогүй учир ноолуур тоосжилттой байх магадлалтай гэдгийг малчид ярьж байна.
Малчид ямаагаа самнахдаа тарга тэвээрэг сайтайгаас нь сорчилж, хаврын хавсарганд хэцүүдэж мэдэхийг нь үлдээж байгаагаа ч учирлав. Дашрамд дурдахад зүүн аймгуудын ноолуур эрт гардаг, тэр тусмаа нарийн ширхэгтэй, чанарын шаардлагад нийцдэг учир үнэ ханшны хувьд өндөр байдаг.
Өнгөрсөн жил ноолуурын ханш оргил үедээ 110 мянга төгрөгт хүрч байв.
Д.Дэлгэрмаа
Холбоотой мэдээ