Бөөрөнхий сонгиныг нэг жилийн дотор ургуулах технологиос суралцаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-03-19 14:38:28
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр, Тарагт сумын ногоочид бөөрөнхий сонгиныг нэг жилийн дотор үрслэгээр тарих Япон улсын технологиос хоёр дахь жилдээ суралцаж байна. Энэ удаагийн сургалт амралтын өдрүүдээр явагдаж, Такикава хотын Хүнсний ногоо тариалах технологийн зөвлөх багш Такая Фүжио, төслийн менежер Эгами Мицүаки нар 50 гаруй ногоочдод бөөрөнхий сонгины үр суулгах талаар онол, дадлагын мэдлэг олгосон юм.
Мөн сургалтанд хамрагдсан хүн бүрт гарын авлага болон сонгины үрийг үнэ төлбөргүй олгож, Арвайхээр сумын загвар аж ахуйд сонгины үр суулгах дадлагыг хийлгэлээ.
Манай оронд бөөрөнхий сонгиныг төл сонгиноор тариалдаг бөгөөд үүнд хоёр жилийн хугацаа шаардагддаг аж. Тэгвэл Такикава хотын тариаланчид үрслэгээгээр сонгино тарьж, нэг жилийн дотор ургуулдаг технологийг зааж байна. Аймгийн тариаланчдаас тарьж ургуулсан сонгино нь хүн амын таван хувийг хангаж, 95 хувийг дотоод, гадаадын импортоор нийлүүлдэг бөгөөд нэг жилд буюу хурдан хугацаанд ургуулж сурснаар импортын сонгинын хэмжээг бууруулна хэмээн үзэж байгаа юм.
Өвөрхангай аймаг нь Япон улсын Хоккойда мужийн Такикава хот дахь Гадаад харилцааны нийгэмлэгтэй 2011 оноос хойш хамтран ажиллаж, цагаан будааг хүлэмжинд тариалан үр сортыг гаргаж авах төслийг найман жил хэрэгжүүлж байгаа юм. Мөн 2017 оноос “Жайка” байгууллагын санхүүжилтээр “Газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн агробизнесийг хөгжүүлэх төсөл”-ийг Арвайхээр, Төгрөг, Тарагт суманд хэрэгжүүлж, бөөрөнхий сонгино тариалах, хүлэмжийн аж ахуй эрхлэх, мод үржүүлэх чиглэлээр газар тариалан эрхлэгчдийн орлогыг нэмэгдүүлэх зорилготой ажиллаж байна.
Б.Батчимэг
Холбоотой мэдээ