Б.Шаравын уран бүтээлийн дээжээс сонсгох “Их дуурьсал” тоглолт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
mn_tuul@montsame.mn
2018-03-16 16:56:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, Чингис хааны одонт, хөгжмийн зохиолч Б.Шаравын уран бүтээлийн дээжээс сонсгох “Их дуурьсал” тоглолт энэ сарын 17-нд “Корпрэйт конвейшн центр”-т болно.

Тус тоглолт нь гурван хэсгээс бүрдэх бөгөөд эхлэл хэсэгт ард түмний сонсох дуртай “Тэнгэрийн орон” симфони удиртгал, “Гэгээн алсад одохуй”, “Баярын уянга”, “Манан”, “Сэтгэлийн эгшиг” зэрэг бүтээлүүд эгшиглэх юм. Харин хоёр дахь хэсэгт Гавьяат жүжигчин, гоцлол дуучин Ө.Уянга, Г.Ариунбаатар нар ардын дууны найруулга, ари болон хөгжмийн зохиолчийн шилдэг дуунуудаас үзэгчдэд сонордуулах аж.

Төгсгөлийн хэсэгт Урлагийн гавьяат зүтгэлтэн, найруулагч  Л.Эрдэнэбулганы бүтээл “Үхэж үл болно, Чингис хаан” киноны хөгжмөөс толилуулна. Тоглолтод эгшиглэх бүтээлүүдийг хөгжмийн зохиолч өөрөө сонгосон бөгөөд найрал дуу, уртын дуу, хөөмийтэй хэсгүүдийг илүүтэй оруулсан байна.

Тоглолтыг Улсын филармони, Морин хуурын чуулга хамтран зохион байгуулж байгаа бол УДБЭТ, Голомт банк дэмжигчээр ажиллаж байна.
Д.Сарантуяа

Холбоотой мэдээ