Усны салбарын 80 жилийн түүхийг гэрэл зургаар танилцуулж байна

Монголын мэдээ | Байгаль орчин
gantuya@montsame.mn
2018-03-16 13:06:03
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсад Усны салбар үүсч хөгжсөний 80 жилийн ой болон Дэлхийн усны өдрийг угтан БОАЖЯ, Усны академитай хамтран “Зуун дамнасан 80 жил” гэрэл зургийн үзэсгэлэнг нээлээ. Усны салбарын хөгжлийг гэрэл зурагт мөнхлөн үлдээсэн ховор, нандин бүтээлүүдээс бүрдсэн энэхүү үзэсгэлэн 1 сарын хугацаанд нээлттэй байх юм.

Үндэсний түүхийн музейд нээлтээ хийсэн үзэсгэлэнгийн нээлтэд БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг, БХБ-ын дэд сайд Ш.Лхамсүрэн, Монголын усны академийн ерөнхийлөгч С.Чулуунхуяг, Монголын үндэсний музейн захирал Д.Сүхбаатар нар болон усны салбарын үе үеийн төлөөллүүд оролцсон юм.
Нээлтийн үеэр БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат "Бид ус чандмана эрдэнэ гэж хайрлаж ирсэн. Бид усаа гамнаж, хайрлах үнэнтэй бид нүүр тулгарч байна. Усны салбарын 80 жилийн ойгоор бид ирээдүйнхээ төлөө ярилцах хэрэгтэй байна. Усыг дахин ашиглах, цэвэршүүлэхэд бидний нөү хау, технологи шинийг нэвтрүүлэхэд хүндрэлтэй дутагдалтай байгаа. Төсвийн хүрэлцэхгүй байдлаас шалтгаалж ирсэн энэ асуудлыг шийдвэрлэхэд төр анхаарлаа хандуулна. Үүнээс гадна усыг ихээр бохирдуулж байгаа ААН нь өндөр төлбөр төлдөг байх журамд орох гэж байна. Түүнээс цуглуулсан хөрөнгөөр усыг дахин цэвэршүүлэх юм. Усыг хайрлаж, хамгаалах ухамсрыг хүүхдүүдэд төлөвшүүлэх зорилгоор "Ногоон пасспорт" аяныг орон даяар хэрэгжүүлж байна. Гол мөрний урсацын тохируулгыг экологийн түвшинд хийх, хил дамнасан усны асуудалд бодлоготой байх, экологийн түвшинд нөлөөлөхгүй байх далан хөвөөг барьж байгуулахаар төр засаг зорьж ажиллаж байна" хэмээв.  



Одоогоос 80 жилийн өмнө буюу 1938 онд Мал тариалангийн яаманд Ус хангамжийн департментийг тухайн үед усны нөөц хомс гэж үзсэн 7 аймагт салбар нэгжтэйгээр байгуулж байжээ. Усны салбарын ахмад үеийнхний Монгол оронд анхлан хийж байсан ус дутмаг бүс нутагт худаг гаргах, газар тариалангийн талбайг усжуулах, усны нөөц, чанар найрлагыг тогтоох, судалгаа шинжилгээ хийх зэрэг томоохон ажлууд нь зуун дамнасан түүхийн хуудсанд тодоор тэмдэглэгдэн үлдээд зогсохгүй, өнөөдрийн бидний усны талаар баримтлах бодлогын суурь зарчмуудын үндэс нь болжээ.
Н.Туяа
Холбоотой мэдээ