Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд Нээлттэй хаалганы өдөрлөг зохиов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-03-15 18:10:45
Сүхбаатар /МОНЦАМЭ/. 03 дугаар сарын 15 буюу Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд төрийн үйлчилгээний болон Сүхбаатар аймаг дахь банкны салбаруудын хамтарсан нээлттэй хаалганы өдөрлөг боллоо. Өдөрлөгөөр иргэдэд төрийн байгууллагын болоод банкуудын үйл ажиллагааны талаар мэдээлэл өгч, зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгөв. 
Аймгийн Стандартчилал хэмжилзүйн хэлтэс /СХЗХ/-т ирдэг гомдлын ихэнх хувийг айл өрхийн цахилгаан тоолуурын баталгаажуулалттай холбоотой гомдол эзэлдэг. Үүний дараа худалдаа үйлчилгээнд ашиглагдаж байгаа жин туухай, бусад хэмжүүрүүдтэй холбоотой гомдол ирдэг гэнэ. СХЗХ-ийн мэргэжилтнүүд ирсэн гомдлын дагуу газар дээр нь баталгаажуулалт хийж өгч хэрэглэгчийн эрхийг хамгаалдаг байна. Энэ бол тэдний үндсэн үүрэг. Нөгөө талаас аймгийн СХЗХ энэ жилээс сорьцын хяналтыг хэрэгжүүлж эхэлжээ. Ингэснээр аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй алт мөнгөний дархад, үнэт зүйлсийн дэлгүүрүүдийн бүтээгдэхүүний сорьцонд хяналт тавьж эхэлсэн байна. Энэ бол бас л хэрэглэгчийн эрхийг хамгаалж буй нэг жишээ аж.

“Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд иргэдэд цахилгаан тоолуур болоод жин туухайнууд, цусны аппарат зэрэгт үнэ төлбөргүй баталгаажуулалт хийж өгч байна. Мөн стандартын хэрэгжилтэнд нь үнэлгээ өгч, зохих заавар зөвлөгөөг өгч, иргэдэд гарын авлага тараан ажиллаж байна. Монгол Улсын Засгийн газраас баталсан тогтоолын дагуу хэрэглэгчид тухайн стандартуудыг дагаж мөрдөн хэрэгжүүлэх ёстой. Энэ ажил манай аймагт хангалттай түвшинд явагдсан. Жишээ нь аймгийн хэмжээний худалдааны дэлгүүрүүдийн стандарт гэхэд  89,5 хувьтай байна. Энэ маань стандарт сайн хэрэгжиж байна гэдгийг харуулж байгаа юм. Иргэд ч үүнтэй санал нийлэх байх. Дэлгүүрүүдийн гадна, дотор болон гаднах зам талбай тохижилтууд бусад аймгуудтай харьцуулахад харьцангуй дээгүүр түвшинд байдаг.” гэж СХЗХ-ийн ахлах мэргэжилтэн Ц.Өлзийжаргал ярилаа.

Мэргэжлийн хяналтын газраас ААНБ-уудад төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус шалгалтыг тогтмол хийдэг. Төлөвлөгөөт бус гэдэг нь иргэдээс ирсэн гомдлын дагуу явагдаж буй шалгалтыг хэлдэг. Сүхбаатар  аймгийн хувьд хүнсий болоод орчны эрүүл ахуйтай холбоотой гомдлууд түлхүү ирдэг байна. Мөн хоол үйлдвэрлэлтэй холбоотой гомдол ч цөөнгүй ирдэг. Энэ бүгдэд иргэдийн гомдолд тулгуурлан хяналт шалгалтыг хийж, зохих арга хэмжээг авдаг байна.

“Өдөрлөгийн хүрээнд МХГ нь иргэдийн ундны усыг зөөврийн багажаар газар дээр нь шинжилж өгөх үйлчилгээг үзүүлж байна. Мөн МХГ-ын дөрвөн хэлтэс өөр өөрсдийн чиглэлээр иргэдийн гомдол, өргөдлийг хүлээн авч шийдвэрлэж болох боломжтойг газар дээр нь шууд шийдэж байгаа. Ер нь ганц энэ өдөр биш, бусад бүх өдрүүдэд манай байгууллагын үүд хаалга иргэдийн өмнө нээлттэй байж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэж ажиллахыг зорьдог.” хэмээн МХГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга М.Чинзориг хэллээ.

Харин “Хадгаламж, зээлийн хүүгийн зөрүүтэй холбоотой болоод илүү шимтгэл авсан зэрэг гомдлууд манайд байнга ирдэг. Манай аймагт банкны гурван байцаагч бий. Эдгээр байцаагч нар иргэдээс ирж буй гомдлыг шалгаад аль нэг банкны нөлөөнд автахгүйгээр яг аль нь буруутай вэ гэдгийг үнэн зөвөөр тогтоох бүрэн боломжтой. Яг одоогоор үүнтэй адил Дарьганга сумаас ирсэн нэг иргэний гомдол дээр бид ажиллаж байна” гэж Монголбанкны Сүхбаатар салбарын захирал Ц.Мөнхбаяр хэллээ.

Тус өдөрлөгийг Монголбанкны Сүхбаатар салбар, Стандартчилал хэмжилзүйн хэлтэс, Мэргэжлийн хяналтын газрууд хамтран зохион байгуулжээ. Энэ төрлийн нээлттэй хаалганы өдөрлөгийг цаашид улирал тутамд хийхээр төлөвлөжээ.
Т.Одончимэг
 
 
 
 
 
Холбоотой мэдээ