Хятадын Үндсэн хуульдаа оруулсан өөрчлөлтүүд нь дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал ач холбогдолтой

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2018-03-14 19:32:00
БЭЭЖИН. /Синьхуа/ -- Хятад улс саяхан Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлтүүд оруулах шийдвэр гаргасныг олон улсын эрдэмтэн судлаачид болоод ажиглагчид  “дотоодын төдийгүй дэлхийн хөгжил цэцэглэлтийг хөхиүлэн дэмжиж, энх тайван байдлыг хадгалан хамгаалах чухал ач холбогдол бүхий түүхэн үйл явдал” гэж үзэж байна гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ.
 
Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтүүд нь Хятадын цаашдын хөгжил цэцэглэлтийн үндэс суурь болоод зогсохгүй “дэлхийн гол тоглогч” болох энэ улсыг дэлхийн энх тайван болон хөгжил цэцэглэлтэд илүү их хувь нэмэр оруулахад тус болно гэж ажиглагчид үзэж байна.

Нийтээрээ өөрчлөлт рүү тэмүүлэх нь

Энэ сарын 5-нд эхэлсэн 13 дахь удаагийн сонгуулийн Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн их хурлын /БХАТИХ/ анхдугаар чуулганы хүрээнд өнгөрсөн долоо хоногийн ням гарагт Хятад улс Үндсэн хуульдаа хэд хэдэн нэмэлт өөрчлөлтийг оруулсан билээ.  Тухайлбал тус улсын дарга Ши Жиньпиний “Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үе” үзэл баримтлалыг Үндсэн хуульдаа тусгаж өгсөн юм.

Иргэн бүр төрийн удирдамжийг дагаж мөрдөж, эерэг өөрчлөлт рүү тэмүүлэх нь маш чухал гэж Азербайжаны ШУА-ийн Ази-Номхон далай судлалын хүрээлэнгийн судлаач Рафик Аббасов хэлжээ.
 
Тэрбээр цааш нь ярихдаа “Хятадын Коммунист намын  /ХКН/ эрх мэдлийг улам бүр бэхжүүлж, түүний удирдлага дор Хятадын ард түмэн үндэсний онцлогтоо нийцсэн хөгжлийн замаар явах нь чухал” гэсэн байна.
 
Мөн Иорданы хятадач эрдэмтэн Марван Суда ярихдаа “Хятад улс Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулсан нь Ши Жиньпинээр удирдуулсан ХКН-ын удирдлага дор тус улс тогтвортойгоор өсөн дэвжихийн нэгэн баталгаа юм. Сүүлийн жилүүдэд эдийн засаг болоод бусад салбарт Хятадын гаргасан ололт амжилт нь дэлхий дахинд үлгэр дууриал болж байна” гээд “Шинэ эринд Хятадын эдийн засаг болон нийгэм улам бүр хөгжин цэцэглэж, улс төрийн байдал тогтвортой, бат бөх байна гэдэгт  итгэлтэй байна” гэжээ.
 
Дэлхийн энх тайван, хөгжилд хувь нэмэр оруулах нь

Хүн төрөлхтний ирээдүйн төлөө ажиллах нийгэмлэгийг бий болгох, энх тайванч хөгжлийн замаар замнах, харилцан ашигтай хамтран ажиллах стратегийг баримтлах зэргийг Хятад улс мөн Үндсэн хуульдаа тусгаж өгсөн билээ.
 
Үүнтэй холбогдуулан Швейцарийн Женев хот дахь Олон улсын парламент хоорондын холбооны ерөнхий захирал Мартин Чунгонг хэлэхдээ “Хүн төрөлхтний ирээдүйн төлөө ажиллах нийгэмлэгийг бий болгох, энх тайванч хөгжлийн замаар замнах, эдийн засгийн хувьд харилцан ашигтай стратегийг баримтлах зэрэг Хятадын нийгэм-эдийн засгийн хөгжил болоод гадаад бодлогод нөлөөлөх стратегиудыг Хятад улс Үндсэн хуульдаа тусгаж өглөө. Энэхүү үзэл баримтлал нь дэлхий дахины үзэл бодолд ихээхэн нийцэж байна. Өнөөдөр бид бүгд, дэлхийн бүх улс нэг л хамтын нийгэмлэгт харьяалагдаж байна” гэжээ.
 
Японы Шинэ Комэйто намын нөлөө бүхий гишүүн Макото Нишида ярихдаа “Дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийн эрэлт хэрэгцээнд нийцсэн өөрчлөлтүүдийг Хятад улс Үндсэн хуульдаа оруулсан нь нийт хүн төрөлхтний хөгжил дэвшилд ихээхэн хувь нэмэр оруулж буй хэрэг юм” гэсэн байна.
 
Харин Францын олон улсын харилцааны мэргэжилтэн бөгөөд Европ-Хятадын форумыг үндэслэн байгуулагч Дэвид Госсет ярихдаа “Хятадын энх тайванч хөгжлийн замаар замнах, харилцан ашигтай хамтран ажиллах санал санаачлага нь дэлхийн цаашдын хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлын үндэс суурь болж байна” гэжээ.

Г.Доржханд

Холбоотой мэдээ