Оросууд Туркийн ЭСЯ-нд эсэргүүцлээ илэрхийлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
jargal@montsame.mn
2015-11-25 12:37:33

МОСКВА. /TASS/. Оросын Су-24 бөмбөгдөгч онгоцыг сөнөөсөн Туркийн талын үйлдлийг эсэргүүцэж буйгаа илэрхийлэхээр Москва хот дахь Туркийн Элчин сайдын яамны /ЭСЯ/ гадна мягмар гарагийн орой хэдэн зуун хүн цуглажээ.

Долдугаар Ростов гудмаар 600 гаруй хүн Туркийн ЭСЯ-нд ирсэн байна. Эсэргүүцлийн ажиллагаанд оролцогсод “Ар хударгаар өгсөн цохилт”, “Туркт зорчихгүй” гэсэн зурагт хуудас барьцгаасан байжээ. Маш олон оролцогч Оросын онгоцны тэнгэрт дэлбэрч байгааг авсан гэрэл зургийг барьсан байсан бөгөөд гартаа хар өнгийн тууз уясан байв.

Туркийн ЭСЯ-ны ойролцоо аюулгүй байдлын арга хэмжээг чангатгаж, ЭСЯ-ны хамгаалалтын хязгаарын дагуу төмөр хаалт тавьсан байна. Дипломат төлөөлөгчийн газрын орчимд цагдаагийн ажилтнууд бүхий хэд хэдэн автобус эргүүл хийж байгаа аж.

Туркийн Агаарын цэргийн хүчин Оросын Сирид явуулж буй терроризмтой тэмцэх ажиллагаанд оролцож буй Су-24 бөмбөгдөгч онгоцыг мягмар гарагт “агаар-агаар” ангиллын пуужингаар харваж сөнөөсөн юм. Бөмбөгдөгч Турк улстай залгаа хилээс дөрвөн км зайтай газар 6000 метрийн өндөрт байсан байна. Нисгэгчид онгоцноосоо катапультаар шидэгдэж амжсан боловч нэгийг нь газраас буудаж хөнөөжээ.

Су-24 бөмбөгдөгч онгоц террорист “Лалын улс” бүлэглэлтэй тэмцэх ажиллагаа явуулж байсан учраас Туркт ямар ч аюул занал учруулаагүй гэж Оросын Ерөнхийлөгч Владимир Путин цохон тэмдэглэсэн байна. Оросын бөмбөгдөгч онгоцонд халдсан нь Орос-Туркийн харилцаанд “ноцтой уршиг” дагуулж болзошгүйг Путин анхааруулжээ.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ