Хоёрдугаар ангийн хүүхэд ангидаа мөнгөн ус авчирч тогложээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2018-03-09 13:25:17
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн төвийн Цогцолбор нэгдүгээр сургуулийн хичээлийн хоёрдугаар байрны бага ангиас өчигдөр мөнгөн ус илэрсэн байна. Энэ дагуу аймгийн Онцгой, цагдаа, тагнуулын байгууллагынхан очиж ажиллан мөнгөн ус илэрсэн ангийг битүүмжилж, цонхыг нь онгойлгоод явжээ. Энэ сарын 7-ны өдөр тус сургуулийн хоёрдугаар ангийн сурагч гэрээсээ мөнгөн ус авч ирж ангийн хүүхдүүдтэйгээ тоглосныг нэгнийх нь эцэг эх мэдэж ийнхүү маргааш нь буюу энэ сарын 8-нд Онцгойд дуудлага өгсөн байна.
Цогцолбор нэгдүгээр сургуульд мөнгөн ус алдагдсантай холбогдуулан энэ өглөө Аймгийн Онцгой комисс хуралдлаа. Одоогийн байдлаар тус ангийг битүүмжлэн, цэвэрлэгээний 27 материалыг устгалж оруулж, хэргийг шалгаж эхлээд байна. Мөн тус ангид хоёр ээлжээр хичээллэгч 75 сурагч болон хичээл заагч хоёр багш, үйлчилгээний ажилтан нарыг яаралтай эмнэлгийн шинжилгээнд хамруулах, Улаанбаатар хотоос мэргэжлийн шинжээчийг яаралтай дуудаж ирүүлэх, мөнгөн ус алдагдсан сургуулийг битүүмжлэн үйл ажиллагаа явуулахгүй байх зэрэг арга хэмжээг аваад байна.
Өнгөрсөн хоёрдугаар сарын 23-ны өдөр Гранд зочид буудлаас мөнгөн ус илэрч энэ дагуу аймгийн Онцгой комисс хуралдаж Улаанбаатар хотоос шинжээч дуудаж ирүүлэн арга хэмжээ авсан байна. Үүнээс гадна мөн өнгөрсөн сарын 27-ны өдөр Галданбошигт хорооллын 17-р байрнаас мөнгөн ус илэрч, мэргэжлийн байгууллагынхан шуурхай арга хэмжээ авсан юм. Ийнхүү хэдхэн хоногийн дотор Улаангомд гурван газар мөнгөн ус илрээд байгаа нь аюул дагуулж мэдэхээр байна.
“Хүүхэддээ мөнгөн усны талаар мэдээллийг сайн өгөх, тоглож, наадаж болохгүй хортой зүйл гэдгийг ойлгуулах, илэрсэн тохиолдолд дуудлага яаралтай өгнө үү” хэмээн аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.
Б.Батхүү
Холбоотой мэдээ